Jan 27, 2010

1-2 насны хүүхдийн онцлог, харьцах арга


Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог, хоолоо идээд аягаа аваачаад тавих гэхэд нь хагалчихна гэж хориглодог, оймсоо өмсөх гэхэд нь удна, цэцэрлэгээсээ хожигдчихно гээд ээж нь өөрөө шүүрч аваад өмсүүлдэг, шүүр бариад шал цэвэрлэх гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор юм хийх гэж тэмүүлж байгаа сэдэл тэмүүллийг нь унтраачихдаг. Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор тэрхүү дадал хэвшлийг суулгаагүй учир 5, 6 насандаа юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү эцэг эх нь –манай хүүхэд гэж залхуу юм гэж хүүхэдрүүгээ бурууг тохдог боловч түүнийг залхууруу түлхсэн нь өөрсдөө гэдгийгээ ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насан дээрх онцлогийн талаар мэдлэгтэй болж, юм мэдэж хүүхэдтэйгээ харьцдаг байгаасай гэж хүсч байна. Ингээд 1-2 насны хүүхдийн онцлог:
1 нас 3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 6 сар
Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
2 нас
Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 - 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 - 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Жишээлбэл: хүүхдэдээ оймсоо өмсөх цаг гаргаж, өглөө эрт босцгоох, шалны алчуур бариад шээсээ арчих гэхэд нь муухай, баа баа гэх биш, арчуулчихаад дараа нь гарыг нь өөрөө угаачих хэрэгтэй ингэж чадвал бид хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.

Jan 26, 2010

Итгэх, үл итгэхийн суурь тавигдах үе


Нярай хүүхдийн амьдралд хүний ойр дотно харилцаа ус агаар мэт хэрэгтэй учраас тэднийг өдөрт хэд хэдэн удаа тэвэрч, инээмсэглэн харж, энхрийлэн хөхүүлж, бүүвэйлэн ярилцаж байх нь чухал.
Судлаач Э.Эриксоны үзэж байгаагаар 0-1 насны үед хүүхдэд хүрээлж буй ертөнцөд итгэх эсвэл үл итгэх хандлагын суурь тавигдаж эхэлдэг байна. Энэ нь юуны түрүүнд түүний ээжийн сэтгэл санаа, хүрээлэн буй орчин нь хэр зэрэг амгалан тайван, аятай байгаагаас шалтгаалдаг ажээ. Хэрвээ энэ үед ээжийн сэтгэл санаа тайван байвал хүүхдэд ертөнцөд итгэх хандлагын суурь бий болдог байна. Харин энэ үед ээжийн сэтгэл санаа тайван бус байвал хүүхдэд ертөнцөд үл итгэх хандлагын суурь бий болох сөрөг талтай. Энэ нь түүний цаашдын хөгжилд тодорхой хэмжээний сөрөг үр дагаврыг бий болгох тул анхаарууштай.
Сэтгэцийн хөгжлийн хувьд 0-1 насанд хүүхдийн хүртэхүй хөгжих таатай үе бөгөөд “70 чавганцын ажил” хийж юмсын шинж чанарыг таних процесс идэвхитэй явагддаг. Тиймээс харсан бүхнээ барьж үзэх, амандаа үмхэх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч эцэг эхчүүд - наадах чинь муухай, үмхэж болохгүй, - битгий... хагалчихна, - хүүе болохгүй гэх мэт “болохгүй”, “болохгүй” гэж баахан л болохгүйг ярьж, өсөж хөгжиж буй ой ухаанд нь болохгүйн үрийг суулгадаг. Энэ нь хүүхдэд багаас нь болохгүй, бүтэхгүй, би чадахгүй гэсэн өөртөө үл итгэх үзлийг төлөвшүүлэх үндэс болж өгдөг. Тэгвэл энэ насан дээр нь хүүхэд барьж болохооргүй, хагарах зүйл байвал түүний гар хүрэхгүй газар тавих /бүр дээр/, муухай үмхэж болохооргүй тоглоомыг нь угааж цэвэрлэх, хүүхдийн өрөөг байнга цэвэрхэн байлгах, гарыг тогтмол угаан, барьсан зүйлээ чөлөөтэй үзэн, үмхэх, харах боломж олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ хүнд таалагдах гэж биш хүүхдэдээ тохиромжтойгоор эд зүйлсээ байрлуулах, хүрч болохгүй зүйлийг хураах зэрэг арга хэмжээ авсан нь дээр. Таны хүүхэд хүссэнээ авч үзэж, харж, үмхэх нь хүүхдийн тань хөгжилд сайнаар нөлөөлнө. Тийм учир хүүхдийн шууд хүртэн мэдрэх үйлийг нь зөв зохион байгуулан таван мэдрэхүйн /харах, сонсох, үнэрлэх, амтлах, шүргэх/ хөгжилд онцгой анхаарах нь зүйтэй.

Jan 20, 2010

"Булчинлаг оюун" хөтөлбөр


"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь "Булчинлаг оюун" хөтөлбөр юм.
Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
5.Биеийн ухаан
6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.

Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.

Жич: "Булчинлаг оюун" хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.

Таныг хүүхэдтэйгээ хүрэлцэн ирэхийг уръж байна. Бидэнтэй холбогдох утас: 9915-8825

Jan 18, 2010

"ИНДИГО" нэрний учир


"Индиго" гэдэг бол шинэ эриний хүүхдүүдийн онцлогтой холбоотой нэр. Учир нь 1980-аад оноос хойш төрж буй зарим хүүхдүүд, 2000 оноос хойш төрж буй ихэнх хүүхдүүдийн гэрлэн бие /аура/ нь нил хөх туяатай бөгөөд тэд бусад хүүхдүүдээс илүү ухаантай, хэрсүү, төрөлхийн мөн чанар нь үнэнч шударга, муу зүйлийг тэвчдэггүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилготой хүмүүс төрж байгааг нэлээд олон орны эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Манай төв нь Монголын хүүхэд бүхэн ХҮН шиг ХҮН болон төлөвшиж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, төрөлхөөс заяасан хэрсүү, онцлог чанараа улам бүр хөгжүүлэн цэцэглүүлж, амьдралын зорилгодоо хүрээсэй, Эх орноо хөгжүүлээсэй, Эх дэлхийгээ авраасай гэсэн үүднээс энэхүү нэрээр нэрлэх болсон билээ.

Бид индиго хүүхдүүдийн онцлог болоод тэдэнтэй хэрхэн харилцах тухай мэдүүштэй зүйлсийг энэхүү блогтоо нийтэлж байх болно.

Жич: Эрхэм та Индиго хүүхдийн тухай илүү сонирхохыг хүсвэл "Индиго буюу Гасан хүүхэд" цуврал номноос тодруулж уншиж болно.

"Ирээдүйн эзэд" хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр


Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, тэднээсээ үлгэр дууриал аван илүү их төлөвшдөг билээ.

ИНДИГО-Хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааны нэг нь 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” хөтөлбөр байх болно. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг баг болгон, оюуны модон тоглоомуудаар тоглуулах журмаар,

  • Өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Хэл ярианы чадвар
  • Логик, математикийн чадвар
  • Хараа, орон зайн чадвар
  • Харилцааны чадвар
  • Багаар ажиллах чадвар
  • Бүтээлч сэтгэлгээ зэргийг хөгжүүлнэ.
"Ирээдүйн эзэд" хөтөлбөр нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад тогтмол явагдаж байх тул, таныг тэдгээр өдрийн аль нэгэнд нь хүүхэдтэйгээ хамт манай төвөөр зочлохыг урьж байна.

Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань
Ирээдүйд, жаргалтай он жилүүд болон хувирах болно.


ИНДИГО- Хүүхдийн хөгжлийн төв


Манай төв 3-5 насны хүүхдүүдрүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно. Учир нь энэ насандаа, тухайн хүний ХҮН болох төлөвшилтийн 90 % нь бүрэлдэн бий болдог, хамгийн чухал үе юм.

Ихэнх эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хүн болох хамгийн чухал энэ үед нь анхаарлаа төдийлөн хандуулж чаддаггүй учир, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ энэхүү чухал үеийг нь үр ашигтай өнгөрүүлж, хүүхэд бүхнийг өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой, өөртөө итгэлтэй, өрөөл бусдыг хүндэтгэж чаддаг, сайн мууг ялган салгах чадвартай, жинхэнэ ХҮН болгон төлөвшүүлэх үүднээс энэхүү төвөө нээж байна.

Бид төвийнхөө үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх, эрүүл мэнд, зөв хооллолт болон эрүүл чийрэг бие бялдартай болгох, мэдрэмж, мэдэрхүйг хөгжүүлэх, урлан бүтээх үйл ажиллагааг хөгжүүлж бүтээлч чадварыг өсгөхөөс гадна хүүхдүүддээ, хүн бүр өөрийн гэсэн давуу талтайг ойлгуулан, өөрсдийх нь давуу тал, онцлогийг мэдрүүлэх, багаасаа "баг"-аар ажиллах дадал суулган, найз нөхдөөсөө суралцах, бас найз нөхөддөө сурсан, мэдсэнээ зааж өгөх боломж нөхцлийг хангах, хүүхэд хүүхдийнхээ дунд, найз нөхдөөсөө илүү их суралцдаг онцлогийг харгалзан, түүнчлэн хүүхэд бүхний дуртай тоглоом наадмаар нь дамжуулан тэднийг зөв төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Та манай төвийн нээлтэнд оролцож, бидний үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл horloo_j@yahoo.com хаягаар холбогдоно уу?