Oct 28, 2010

Хүүхдээ сэтгэлийн хаттай болгож өсгөөрэй


Хүүхэд нэг нас хүртлээ эцэг, эхийнхээ зөөлөн харц, халуун дулаан тэврэлт, дотно инээмсэглэл, сайхан үгс, бүүвэйн дуунаас хайрыг мэдэрч, хорвоо ертөнцөд итгэх итгэлээ олж авдаг бол, хоёр наснаасаа бусдыг ойлгож, эцэг, эх, болон найз нарынхаа сэтгэл хөдлөлийг хуваалцан, ХҮН болж төлөвших суурь тавигддаг ба зургаа хүртэл насанд сэтгэлийн хаттай болох, эс болох хандлага төлөвшдөг.

Тэд хоёр наснаасаа л баярлаж хөөрөх, гомдох, уйлах, аргадах, үнсэх, тэврэх гэх мэт сэтгэлийн үзэгдлүүдийг илүүтэй мэдэрч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай болж эхэлдэг. Тиймээс энэ үед нь бид хүний сэтгэлийн нандин, эмзэг мэдрэмжийг үр хүүхэддээ зөв мэдрүүлж суулгаж өгвөөс хүүхдүүд маань ирээдүйд өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, бусдыг ойлгодог, мэдрэмж сайтай хүн болж чадна. Эцэг, эхчүүд бид хүүхдүүдээ жоохон байна, юу ч ойлгохгүй гэж мунхаглан өөрсдийн сэтгэлийн үзэгдлүүдийг тайлбарлан таниулаагүйгээс болоод хүүхдүүд маань “Баярлалаа”, “Уучлаарай”, “За”, “Ойлголоо” гэх мэт үгсийг сэтгэлээсээ бус зүгээр хэлээд сурчихвал, дараа бусдыг албаар гомдоочихоод зүгээр л уучлаарай гээд хэлчихэд болчихдог юм шиг санах болно. Тэдэнд хүнийг хайрлах, өрөвдөх, хүнээр бахархах, хүнийг хайрлах сэтгэлийн хөдөлгөөнөө, нүүрний хувирал, үгийн өнгө аяс, харцтайгаа хамт мэдрүүлж өсгөх нь чухал. Ийм учир, бид өөрсдийн амьдралд тохиолдож буй зүйлсдээ чин сэтгэлээсээ хандаж, уйлах, уурлах, гомдох, уучлах, баярлах сэтгэлийн хөдлөлөө хүүхэдтэйгээ хуваалцан,ээжид нь яг одоо тийм зүйл тохиолдоод байгаа учир ... ээж нь ингэчихлээ, ээжийнх нь сэтгэл ... байна, хүний амьдралд сайн, муу олон зүйл тохиолддог гэх мэтчилэн ярилцдаг байвал хүүхэд тань таны сэтгэл хөдлөлийг мэдэрч улмаар бусдын жаргал, зовлон, сайн муу зүйлийн талаар ойлголттой болж, бусдад сэтгэл тавиж чаддаг, бусдыг ойлгодог, сэтгэл хөдлөлдөө бүтээлч хандаж чаддаг хүн болон төлөвшиж чадна.

Түүнчлэн хүүхэддээ, амьдралын дүр төрхийг бодитоор мэдрүүлж, хүний амьдрал байнга аз жаргалаар бялхдаггүй, тодорхой хэмжээний бэрхшээл, зовлон гуниг тохиолддог. Түүнийг хэрхэн давж чадсанаас хүний амьдрал шалтгаалдаг болохыг хүүхдэдээ багаас нь ойлгуулахын тулд өөрийн уйтгар, гунигийг ч мэдрүүлж өсгөх нь чухал. Улмаар цэцэгс цаг нь болохоор саадгүй ургадаг, бүх зүйл түр зуурынх байдаг, үүл гарч нарыг халхалсан ч мөнхөд халхалж чадахгүй гэх мэтээр тайлбарлан, аливаа сайн сайханд хүрэхэд бэрхшээл заавал тохиолддог, гэхдээ бэрхшээл гэдэг давж болох зүйл гэдгийг хүүхдүүддээ тайлбарлан таниулж өсгөвөл хүүхдүүд маань аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлийн хаттай болж өснө.

No comments:

Post a Comment