Apr 24, 2012

Бага насны хүүхдийн дасгалын номууд гаргалаа

indigo child devolopment center хүүхдийн хөгжлийн төв “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв нь сургуулийн өмнөх насны хүүхэд багачууддаа зориулж хоёр төрлийн дасгалын дэвтэр боловсруулан гаргалаа.
1. “Цэгээр наадъя” – зурж, бичиж сургах дадлагын дэвтэр. Бага насны хүүхдийн хувьд “Визуал сэтгэлгээ” /орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ/ нь хараахан хөгжөөгүй байдаг учир аливаа дүрсийг хараад, хоосон цаасан дээр дуурайлгаж зурна гэдэг маш бэрх ажил байдаг. Түүнээс гадна хүүхэд дүрсээ адил зурж чадаагүйгээс болж өөрийгөө голох, өөртөө үл итгэх, дахин бичих хүсэлгүй болох, хичээл хийх сонирхолгүй, зугтаах зэрэг асуудлууд үүсдэг. Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдвэрлэж өгөх зорилгоор, цэг холбох замаар өгөгдсөн дүрснүүдийг үүсгэх сонирхолтой дасгал дасгалын номыг бүтээлээ. /Үнэ-3000, ИНТЕР номын дэлгүүрээр худалдаалж байна/ 2. “Зугаатай тооны ном” - Математик сэтгэлгээг хөгжүүлэх дасгалын дэвтэр
Бага насны хүүхдийн хувьд хийсвэрээр тоолж чаддаг ч бодитоор тоолж чаддаггүй, цээжээрээ тоо мэддэг ч цифрээ таньдаггүй зэрэг бэрхшээлүүд тулгардаг. Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэж өгөх зорилгоор зугаатай тооны ном мэндэллээ. Хүүхдүүд маань цифрээ харж бичиж нүдлэх, зугаатай зургуудаа харж бодитоор тоолон, нэмж хасан бодлого зохиох боломжтой. Түүнчлэн анхаарлаа төвлөрүүлж сурахад нь туслах анхаарлын дасгалууд ч орсон байгаа. /Үнэ-3000, ИНТЕР номын дэлгүүрээр худалдаалж байна/ Эцэг эхчүүд ээ! Хүүхдээ сонирхолтой, зугаатайгаар бичиж сурган, тоонд дуртай болгож, сургуульд орохоос нь өмнө анхаарлыг нь төвлөрүүлэн, сууж сургацгаая.

Jul 19, 2011

Хүүхдүүдээ “өөртөө итгэлтэй хүн” болгож өсгөцгөөе

Normal 0 false false false MN X-NONE X-NONE

Өөртөө итгэх итгэл, өөртөө итгэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадах тэмүүлэл,  өөрийгөө үнэлэх үнэлэмж... 

Энэ бүгд хэр зэрэг үнэтэй вэ? Хүмүүний энэ амьдралд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй чадварууд. Эдгээр чадвар дутсанаас их дээд сургууль, академи, хэд хэдэн хэлний курсыг давхар давхар төгсчихөөд ажилгүйчүүд ийн эгнээнд явж байгаа хүмүүс маш олон....

Өөртөө итгэх итгэлийг судалсан судалгаагаар 3-5-н настнуудын 95% нь өөртөө итгэдэг байхад харин  25-28-н настнуудын 25% нь л өөртөө итгэдэг болох нь тогтоогджээ. Үүнийг хэр зэрэг бодитой судалгаа болохыг ганц хялбархан асуултаар бататгаж болно. Тухайлбал: Их дээд сургуулийн нэг ангийн оюутнууд, эсвэл нэгэн албан газрын  ажилтнуудаас “Ерөнхийлөгч болохыг хүсч байгаа хүн байна уу?” гэж асуувал ганц, хоёр нь л гараа өргөж магадгүй. Харин цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүдээс тэр асуултыг асуух юм бол бараг бүгд нэгэн дуугаар “багш аа би, багш аа би, би ерөнхийлөгч болно” гэж чангаар хашгирцгаах болно.  

Тэгвэл бид бага насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн насан туршийнх нь эерэг дадал зуршил, хандлага болгон төлөвшүүлэх вэ?  

Аливаа хүн ямар нэгэн зүйлийг хийж үзээгүй үедээ өөртөө ихэнхдээ итгэдэггүй, харин хийх тутмаа улам бүр туршлагажин, өөртөө итгэлтэй болдог. Нэг зүйлийг хийж чадсан хүн, нөгөө зүйлийг хийж чадах байх гэсэн итгэлтэй болдог. Түүнтэй адил юм хийж үзсэн хүүхэд л өөртөө итгэдэг, харин юу ч хийж үзээгүй, хийдэггүй хүүхдүүд өөртөө хэзээ ч итгэдэггүй бөгөөд “би чадахгүй”, “би мэдэхгүй” гэсэн айдас нуугдаж байдаг. Normal 0 false false false MN X-NONE X-NONE Жишээлбэл: таван настай “Г” гэдэг хүү анхандаа “би чадахгүй” гээд аливаа нэг зүйлийг хийхээс байнга зугтдаг байснаа, ганц хоёр бүтээл хийхэд оролцоод л түүнд дуртай болж, бүр “багш аа бүтээлээ хийхгүй юм уу?”, өнөөдөр юу хийх вэ? “өө, би чадна ш дээ” гэсэн хандлагатай болчихсон байсан билээ. Үүнээс харахад хүүхэд бүхэнд ямар нэгэн шинэ соргог зүйлд өөрийн эрхгүй татагдах, хийж үзэхийг хүссэн далд хүсэл байдаг.

Тэгвэл “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв нь “Би чадна” хөтөлбөрөөрөө тэрхүү хүсэл эрмэлзэл дээр нь тулгуурлан өөртөө итгэх итгэлийг гүн бат суулгаж төлөвшүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Тус хөтөлбөрөөр цаасан урлал, утсан урлал, наамал, баримлын шавар зэрэг хүүхдийн сонирхол татахуйц олон төрлийн  “Бүтээл” хийлгэх замаар “би хийсэн, би чадна” гэсэн “өөртөө итгэх итгэл” ийг нь хөгжүүлэхээс гадна, “өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх” үнэлэмжийг нь нэмэгдүүлж байна.

Та хүүхдээ хавтас дүүрэн бүтээлтэй, хэний ч өмнө чөлөөтэй ярьж чаддаг, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болгохыг хүсч буй бол “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвд хандаарай.

“БИ ЧАДНА” хөтөлбөрийн цаг:

Даваагаас Баасан гараг бүрийн 13:00 – 14:00

Сарын төлбөр:  80.000 төг

Лавлах утас: 8817 - 7575

May 21, 2011

6-7 насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн стандарт

  1. Бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  2. Хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
  3. Шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
  4. Хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
  5. Хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
  6. Бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
  7. Алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
  8. Сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
  9. Өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
  10. Өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
  11. Ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах

 

2-3 насны хүүхдийн бие бялдрын хөгжил

  1. Ам, хамрын алчуурыг зөв хэрэглэх
  2. Гараа савандаж угаах
  3. Ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллох
  4. Халбага сэрээг зөв барьж хооллож сурах
  5. Хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
  6. Нар, ус, агаараар чийрэгжүүлэх хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
  7. Бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
  8. Хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөх
  9. Байрандаа үсрэх
  10. Зураасан дээгүүр давж үсрэх
  11. Тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах.

 

6-7 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

  1. Бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
  2. Орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгөх
  3. Хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахих
  4. Бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрлаж, хамгаалдаг байх.

 

5-6 насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн стандарт

  1. Гар нүүрээ бие даан хурдан зөв угааж хэвшүүлэх
  2. Шүдээ угаах, үсээ самнаж хэвшүүлэх
  3. Хумсны завсрыг цэвэрлэж сурах
  4. Зөв боловсон, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  5. Хувцсаа хурдан зөв, цэвэр нямбай өмсөж хэвшүүлэх
  6. Ороо өөрөө засаж, хурааж хэвшүүлэх
  7. Унтлагын хувцсыг хэрэглэж хэвшүүлэх
  8. Ямар ч хөдөлгөөнийг хурдан зөв хийж, гүйцэтгэж сургах
  9. Харайлтын хэлбэрийг хүндрүүлэн, байрнаас харайх, өндөрт харайх гэх мэтээр олон хэлбэртэй танилцуулан эзэмшүүлэх
  10. Спорт тоглоомын хэрэглэлтэй танилцуулах
  11. Чаргаар бие даан гулгах, дугуй унаж сургах
  12. Шидэлтийг олон хэлбэрээр хийж сургах, шидсэн зүйлийг барьж сургах
  13. Уралдаан тэмцээн, спорт тоглоомд оролцуулан, ялж, ялагдах сэтгэлгээнд сургах
  14. Өгсөн командыг баримтлах
  15. Зохион байгуулалтай байж сургах
  16. Хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах

 

4-5 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

  1. Бүх авиаг зөв тод дууддаг болох
  2. Эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сурах
  3. Эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сурах
  4. Тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сурах
  5. Өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сурах
  6. Зохиолын баатар, дүрийг дуурайн жүжиглэдэг болох
  7. Аливаа эд юмсыг аль болох хязгаарлалгүй тоолуулах /30/, тоолох чадварыг хөгжүүлэх
  8. Хоёр бүлэг зүйлийг нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар тэнцүү болгох чадварыг болгох
  9. Улбар шар, саарал гэх мэт 2оос 3 завсрын, уусгасан өнгөтэй танилцуулах
  10. Эзэлхүүнт дүрстэй танилцуулах /шоо дөрвөлжин, цилиндр гэх мэт/
  11. Өөрийн байгаа байрлалаас эд юмсын байрлалыг тодорхойлох
  12. Эд юмсыг байрлалаар нь ялгаж, ангилж /дээр, доор, өмнө, хойно гэх мэт/ сурах
  13. Өчигдөр, маргааш гэсэн ойлголттой танилцуулж, хэл яриандаа зөв хэрэглэж сурах.

 

3-4 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

  1. Юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
  2. Юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болох
  3. Хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сурах
  4. Мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
  5. Эд юмсыг 1-ээс 10-ын дотор тоолж сурах:
  6. Эд юмсыг нэмэгдүүлэх ба хорогдуулж тэнцүү болгодог ойлголттой болох
  7. Эд юмсыг ангилан харьцуулж сурах / урт-богино, бүдүүн- нарийн гэх мэт/
  8. Улаан, хөх, шар ногоон өнгийг нэрлүүлэн, хэл яриандаа хэрэглэдэг болох
  9. Тэгш өнцөгт дүрстэй танилцуулан, гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдээр шинэ дүрс бүтээх, эвлүүлж сурах
  10. Хос /гар, хөл, нүд, гутал, бээлийг г.м / гэсэн ойлголттой болох:
  11. Өнөөдөр гэсэн ойлголт өгч хэл ярианд нь хэрэглүүлэх
  12. Хэдийд гэсэн асуултанд зөв хариулж сургах.

 

4-5 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

  1. Муу зуршлаас зайлсхийх
  2. Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах
  3. Өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах
  4. Аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох
  5. Хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

 

6-7 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

  1. Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
  2. Үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
  3. Богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
  4. Оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
  5. Бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
  6. Тооны бүтэцтэй танилцуулах
  7. Нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  8. Цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
  9. Эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
  10. Олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
  11. Долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

 

3-4 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

Томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах

Бие биендээ тусалж сурах

Тодорхой дэглэм журмыг сахих

Хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх

 

4-5 насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн стандарт

Шүдээ бие даан зөв угааж сургах

Аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх

Цэвэр нямбай хооллох

Хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах

Унтлагын хувцас хэрэглэх

Гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх

Ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах

Хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах

Хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах

Алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.

Энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.

 

2-3 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

Бусдаас өөрийгөө онцолж чаддаг /юугаараа ижил, өөр болохыг/

Эд юмсыг осол аюулгүйн талаас нь мэддэг

Эд юмсыг хайрлах, гамнадаг

Өөртөө тааламжтай ба тааламжгүй байдлыг ялгах

Аливаа зүйлийн бохир, цэвэр цэмцгэрийг ялгах

 

Хүүхэд маань үгэнд ордоггүй, яах вэ?

A: Манай хүү 5 настай, битгий хашгираарай, дүү нь унтаг гэж хэлээд эргэх хооронд л хашгираад, дүүгээ сэрээчих юм. Яах вэ?

Х: Таныг битгий хашгираарай гэж хэлэхэд хүүд тань "хашгирах" гэдэг сэрэл ирнэ, тиймээс л хашгирч байгаа юм, тиймээс тэр өдөөлтийг үүсгэхгүйн тулд та, -миний хүү намуухан тоглоорой, дүү нь унтаг гээд хэлэхэд л хангалттай. Харин одоо хүүд чинь "намуухан тоглох" гэдэг ойлголт л биелэлээ олно.  

Mar 22, 2011

Сурагчдын амралтаар 6-7 насныханд зориулсан чөлөөт хөгжүүлэх хөтөлбөр санал болгож байна

Сурагчдын амралтыг тохиолдуулсан 6-7 насныханд зориулсан хөтөлбөрийн хуваарь

 

 

 

Зорилго

Цаг

Сонирхолтой математик

Математикийн хичээлийг сонирхолтой аргаар зохион явуулах, хүүхдийг тоонд дуртай болгох

10:00 - 11:00 

“Ирээдүйн эзэд” хөтөлбөр

Оюуны тоглоомоор баг болгон тоглуулах замаар хүүхдийн оюуны болон харилцааны чадваруудыг хөгжүүлэх

11:00 - 12:00

Сонирхолтой      эх хэл

Сонирхолтой даалгаврыг хийж гүйцэтгэх, ардын аман зохиолоос уншиж ярилцах замаар эх хэлээ эзэмших

13:00 - 14:00

Цээж бичиг

Хүүхдийг найруулан бичих чадвартай болгох

14:00 - 15:00 

“Бид чадна” хөтөлбөр

Цаасан урлал, зураг, наамал зэрэг бүтээл хийлгэх замаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх улмаар хөдөлмөрт дуртай болгох

16:00 - 17:00

 

 

Хуваарь: Даваа-Баасан гарагуудад дээрх цагийн хуваариар хичээллэх тул сонирхсон эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл зорилгын дагуух хөтөлбөрт  хамруулах,  долоо хоногийн аль нэг эсвэл хоёр тодорхой гарагуудыг сонгон манай төвд явуулах боломжтой.

Байршил: Ялалтын талбай, Чингэлтэй дүүргийн ЗДТамгын Газрын байрны урд, "Тэрх цагаан нуур" компанийн байр, 4-р давхар.
Утас: 9915-8825, 8817-7575

 

Mar 14, 2011

Индиго төвийн хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөр

Манай төв 3-5 насны хүүхдүүдрүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно. Учир нь энэ насандаа, тухайн хүний ХҮН болох төлөвшилтийн 90% нь бүрэлдэн бий болдог, хамгийн чухал үе юм.
Ихэнх эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хүн болох хамгийн чухал энэ үед нь анхаарлаа төдийлөн хандуулж чаддаггүй учир, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ энэхүү чухал үеийг нь үр ашигтай өнгөрүүлж, хүүхэд бүхнийг өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой, өөртөө итгэлтэй, өрөөл бусдыг хүндэтгэж чаддаг, сайн мууг ялган салгах чадвартай, жинхэнэ ХҮН болгон төлөвшүүлэх үүднээс энэхүү төвөө нээж байна.

Бид төвийнхөө үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх, эрүүл мэнд, зөв хооллолт болон эрүүл чийрэг бие бялдартай болгох, мэдрэмж, мэдэрхүйг хөгжүүлэх, урлан бүтээх үйл ажиллагааг хөгжүүлж бүтээлч чадварыг өсгөхөөс гадна хүүхдүүддээ, хүн бүр өөрийн гэсэн давуу талтайг ойлгуулан, өөрсдийх нь давуу тал, онцлогийг мэдрүүлэх, багаасаа "баг"-аар ажиллах дадал суулган, найз нөхдөөсөө суралцах, бас найз нөхөддөө сурсан, мэдсэнээ зааж өгөх боломж нөхцлийг хангах, хүүхэд хүүхдийнхээ дунд, найз нөхдөөсөө илүү их суралцдаг онцлогийг харгалзан, түүнчлэн хүүхэд бүхний дуртай тоглоом наадмаар нь дамжуулан тэднийг зөв төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Бид Монгол хүүхэд бүрийн төрөхөөс өмнөх үеэс эхлэн төрсний дараа, бага нас, өсвөр нас, идэр нас хүртэл нь хамт байж, хүүхэд бүрийн онцлогийг судалж, тэдэнд тохирсон арга барилаар тэднийг хөгжүүлэн, төлөвшүүлж, эх оронч сэтгэлгээтэй, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйл, амьдралын зорилготой, харилцааны өндөр чадвартай ирээдүйн эздийг төрүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно. Тиймээс эцэг, эх, ах, дүүсийг нь хүртэл хөтөлбөртөө хамруулж, сард нэг удаа лекц, сургалт, өдөрлөг болон бусад олон төрлийн үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулж байна.   

 

Feb 27, 2011

Хүүхдийнхээ үгийг сонсдог бол бие даах чадвар нь сайжирдаг

-Бага насны хүүхдийн үг яриаг чин сэтгэлээсээ сонсож байх нь чухал. Энэ нь хүүхдийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь чухал нөлөөтэй.
-Хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь тэднийг аливаа асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхэд нь тус болдог.
-Өөрийнх нь яриаг ээж аав нь анхааралтай сонсож буйг хүүхэд чинь мэдэрсэнээр өөрийгөө "их чухал" хүн" болохыг ч мэдэрдэг.
-Хүүхэд ямар нэг юм хүсэх юмуу эсвэл уйтгарлах үедээ энэ бүхнийг ээж аавдаа ойлгуулж ярихыг хүсдэг. Энэ үед нь аав ээж нь үл ойшоосон байдал гаргавал хүүхдийн чинь найрсаг харьцаа эвдэрч эхэлдэг.
-Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлж буй үгний утгыг ойлгохыг хичээгээрэй. Тэгээд дараа нь үнэн зөвийг олоход нь хүүхэддээ туслаарай.
-Хэрэв хүүхэд "Би хоол идмээргүй байна" гэвэл аав ээж нь "Чи жаахан ч гэсэн идээд үз л дээ" гэх мэтээр хүүхэддээ итгүүлэх аргыг хэрэглэж байгаарай.
-Хүүхэд бол таны хүүхэд ирээдүй. Иймд та хүүхдийнхээ үгийг сонсож түүнийг хүндэтгэж буйгаа ойлгуулж чадвал хүүхэд чинь найрсаг нөхөрсөг зантай нэгэн болон өснө

Хүүхдийн дуршил буурахад яах вэ

Эхийн хөхөөр байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил хэвийн сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд  хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Харин энэ үед нь та бяцхан заль хэрэглэ. Чихэрлэг сүү, жимсний шүүс, нухшанд хэт дассан хүүхдэд чихэрлэг амтыг аажим аажмаар багасгаж өг. Халбагаар идэх дургүй бол шингэн шөл зэргийг шилэнд хийж, угжаар өг. Хоол идэх үед нь тоглоом, дуртай зүйлээр нь оролдуулж хэрэггүй. Зохих порцыг идэж дуусгаагүй бол санаа зовох хэрэггүй.Ойноосоо өнгөрөөд хүүхэд нэг төрлийн, амтгүй хоолыг идэх сонирхолгүй болдог. Энэ үед та ч гэсэн хүүхэддээ өгч буй хоолоо амтархан идэж чадах эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ, “Үгүй” бол жаахан хүүхдээс юу шаардах билээ.Хэрвээ та хоол идэх үед нь хүүхдээ тоглоом, ном, үлгэр зэргээр саатуулаад сурчихсан бол тун муу хэрэг шүү. Ийм зуршилтай хүүхдүүд хоолондоо бус нөгөө зүйлд анхаарлаа илүүтэй хандуулснаас ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж саатан, хоол шингэх явц удааширдаг.Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хүч хэрэглэн хооллох гэж оролддог. Энэ бол уучлашгүй муу үр дагавартай. Айлгаж, албадан хоол идүүлэх нь хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болгодог. Тиймд тэвчээртэй, алсын хараатай бай. “Идэхгүй” хэмээн хашгирч халбагаа чулуудвал, энэ удаагийн хоолыг өнгөрөөгөөд хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.

Хүүхэд өвчилсөн үед
Мөн хүүхэд ямар нэг өвчнөөр өвчилсөн үед хоолны  дуршил аяндаа буурдаг. Энэ үед хүүхдэд тасралтгүй хоол идүүлэх гэж шахаж болохгүй. Ингэвэл дотор нь эвгүйрч, гэдэс өвдөж, бөөлжин, гүйлгэж ч болно. Өвдсөн ялангуяа халуурч буй үед хүүхдэд аль болох их шингэн уулгаж, хөнгөн, хурц биш шингэвтэр зутан маягийн хоол өг. Хооллолтын талаар хүүхдийн эмчтэйгээ зөвлө. Өвдсөн үед хүүхэд турвал яах вэ? Сандрах хэрэггүй. Эдгэрэх үед нь хоолны дуршил аяндаа сэргэнэ. Гол нь шахаж  болохгүй. Энэ үед хүүхдэдээ жимс ,жимсгэнэ аль болох их идүүлээрэй.
Ойр ойр өвддөг хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэй. Жилд дөрөв түүнээс олон удаа өвдвөл хүүхэд турж эцэн, цус багадаж, дисбактериоз үүсч, шүд нь өвчилдөг. Ялангуяа антибиотик эмчилгээ хийлгэсний дараа хүүхдийн бие организмд уураг, өөх тос, аминдэм, эрдэс давсны хэвийн солилцоо алдагдаж, биеийн эсэргүүцэл нь сулардаг юм.

Энэ тохиолдолд яах хэрэгтэй  вэ?
Юуны түрүүнд, тодорхой дэглэм сахин зөв хоолло. Хүүхдээ аль болох удаан хугацаагаар салхинд, цэвэр агаарт гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Сул биетэй хүүхдийг аль болох амрааж, өдөр унтуулж байвал сайн. Мөн инээлгэж, сэтгэлийг нь сэргээж хөгжөөж байх хэрэгтэй. Хэвтрийн дэглэм сахиж буй хүүхдийн дэргэд нь байж тоглож саатуул.
Хоол тэжээлийн хувьд аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй.  Калорийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна.
Амьтны гаралтай уураг хүүхдийн бие организмд онцгой шаардлагатай тул өдөрт хагас литрээс багагүй сүү тараг уулгаж бай. Тараг бол бүр ч сайн. Ойгоос гурван настай хүүхдэд өдөр бүр 50 – 60 грамм, түүнээс дээш насныханд 50 -100 грамм тараг өгөхөд болно. Гэхдээ байнга нэг төрлийн биш, таргаа үрсэн жимс, жимсний шүүс, бяслаг, вареньтай хольж амтал.
Харин уургийн гол эх үүсвэр бол мах. Мах нь фосфор, кали, В-гийн төрлийн аминдэмээр баялаг. Гэхдээ хүүхдэд өөх тос багатай махаар хоол бэлтгэж өгөх хэрэгтэй.. Бага насны хүүхдийн өдөр тутам идэх ёстой хэмжээ нь мах 60-70 грамм,  загас 20-30 грамм байдаг.
Хүүхдийн биед өндөг нь 96 – 97 хувь шингэдэг бөгөөд төмөр, кальци, фосфороор тун баялаг. Хоёроос гурван настай хүүхдэд өдөр бүр тал өндөг эсвэл өнжөөд нэг бүтэн өндөг идүүлээрэй. Мөн энэ насныхны өдрийн норм нь цөцгийн тос 15 -20 грамм, ургамлын тос 5–6 грамм байна. Сахарын өдрийн хэрэгцээ 50-55 граммаас хэтэрч болохгүй. Ногоо, жимс, жимсгэнэ бол хоолны  дуршил муутай хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал хоол хүнс юм шүү.

5 хүртэлх насны хүүхдийг комьпютерийн өмнө суулгаж болохгүй

Өнөөгийн хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна. Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерийн өмнө бүү суулгаарай. Харин та тав хүрсэн хүүхэддээ компьютер бэлэглэж байгаа бол түүнд өдөрт 30 минутаас ихгүй хугацаагаар ашиглахыг зөвшөөрөөрэй. Үүнийг долоон нас хүртэл нь хэрэгжүүлнэ.
Харин 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт нэг цаг хүртэл сууж болно. 12-16 насныхан хоёр цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын харалган, нүдний даралт зэрэг хүнд өвчин тусах аюултай. Хүүхдийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл тэдний биеэ авч яваа байдал, эрүүл мэнд, мэдрэлийн системийн онцлог шиг ялгаатай байдаг. Тиймээс зарим хүүхэд хагас цагийн дараа ядаргаа нь тайлагддаг бол зарим нь 10 минут, бүүр компьютерийн ширээнээс босоод л арилдаг байх жишээтэй.

"Компьютер"-ийн ядаргаанд орсныг илрүүлэх дөрвөн шинж байдаг.
1 .Хяналтаа алдаж эхэлдэг. Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж, хашгирна.

2.Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлст анхаарлаа хандуулна.

3. Ядарсан" мэт байна. Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.

4.Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашгирч, хөөрөн инээнэ.

Та хүүхдийнхээ араншинг мэдэхүү

Том хүнтэй харьцуулбал хүүхэд нойрондоо илүү их хөдөлгөөнтэй, тийчэгнэж хөдөлдөг билээ. Сэтгэл зүйчид үзэж байгаагаар энэ үзэгдэл 2 шалтгаантай, 1-д хүүхэд сэрүүн үедээ ч томчуудаас илүү хөдөлгөөнтэй байдаг тул өдрийн идэвхтэй амьдрал нойронд нь тусгагдаж илүү хөдөлгөөнтэй унтдаг. Хоёрдугаарт хүүүхдийн нойрны зүүдлэх хугацаа нь томчуудынхаас харьцангуй урт байдаг байна.

Хүүхэд орой унтахаас яагаад зайлсхийдэг вэ?

Эцэг эхээ зовоох гэж бид хариулах байх. Гавч хариу нь маш хялбар. Тэд тоглох дуртай тул аль болох удаан тоглохоо боддог. Харин маргааш өглөө нь нойр дутуу босоод өдөржингөө ядруу байхыгаа огтхон ч төсөөлдөггүй.

Хүүхэд хэтэрхий их ядарсан үед яагаад тайван бус байдалд ордог вэ?

Үүнд биоритмыг буруутгаж болно, өдрийн турш идэвхитэй үе, идэвхигүй үетэй ээлжилж байдаг. Хэт их ядарсан үед бага насны хүүхдийг амраахгүй бол идэвхтэй үе рүүгээ шилжин, биеийн температур нь амрах үед буурах ёстой атал өсөж хүүхэд тайван бус байдалд ордог гэдгийг мартаж болохгүй.

Нэг ой хүрээгүй хүүхэд барьж байгаа юмаа яагаад заавал унагаадаг вэ?

Ийм хүүхэд нүдэнд нь харагдах зүйлс энэ ертөнцөд оршин байдаг гэсэн ойлголтоос салж эхлэх үе шатандаа байдаг. Юмаа унагаачихаад дээрээс нь өнгийж харж байгаа нь үл харагдах юм ч гэсэн байж л байх нь хэвээрээ гэдгийг шалгаж үзэж байгаа нь тэр. Унагаасан юмыг цэвэрлэхэд бэрх ч гэсэн энэ үе шат нь ертөнцийг танин мэдэхэд чухал үе гэдгийг санаж явах нь зүйтэй.

Яагаад бага насны хүүхэд хоолоо голж шилдэг вэ?

Та хүүхэд айлд очихдоо гэртээ ирдэггүй хоолоо амтархан иддэгийг мэдэх байх. Энэ насандаа хүүхэд өөрийн эрх мэдлээ мэдэрч эхэлдэг бөгөөд хоол идэх эсэх дээр өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж болох нэгэн талбар гэдгийг ухаардаг. Тийм болохоор хэр их өгөхийг та шийд, харин юуг нь сонгож идэх эрхийг өөрт нь өг. Хэрэв хүүхэд зөвхөн будаа гоймон иддэг бол эцэг эхэд нь бурууг өгч болно. Хүүхдэд аль болох олон төрлийн шим тэжээл аминдэм бүхий хоол санал болговол зүйтэй, тэгээд аль хэр идэхээ өөрөө шийдэг. Ямар ч байсан өлсөхгүй нь мэдээж. Ийм сонголт ө гснөөр хүүхэд өөрийн гэсэн хоолны талаархи ойлголт, бодолтой болно.

Бага насны хүүхэд яагаад худал хэлдэг вэ?

Баг насны хүүхэд үнэн худлын хоорондын ялгааг мэддэггүй. Жишээлбэл, тэдний цаг хугацааны талаархи ойлголт нь төлөвшөөгүй байдаг тул ” Чи шүдээ угаасан уу?” гэж асуухад “Тийм” гэж хариулж байгаа нь өчигдөрийн угааснаа хэлж байх жишээтэй. Мөн хүүхэд өөрийнхөө зохиож бий болгосон ертөнцдөө итгэж явдгийг мартаж болохгүй. Худал хэлэхдээ ч гэсэн хүүхэд түүндээ итгэж байдаг. Зарим үед хүүхэд санаатайгаар юу болохыг харах гэж зориуд худал хэлдэг. Амаа шоколад болгочихоод “Би таны шоколадыг идээгүй” гэх жишээтэй. Тийм тохиолдолд хүүхэддээ зохиосон худлыг залруулж “үнэмшилтэй” болгох боломж өгөх хэрэгтэй. Тэгээд бүр дараа, өөр нөхцөл байдалд үнэн худлын ялгааг тайлбарлах.

Нялх хүүхэд яагаад гулгидаг вэ?

-Улаан хоолой ходоод хоёрын хооронд байдаг хавхлага /клапан/ хооллож дууссаны дараа бүрэн гүүцэд хаагдах ёстой байдаг. Гэтэл нялх хүүхдийнх том хүмүүсийнх шиг боловсронгуй болоогүй тул гүйцэд хаагдахгүй хоол нь буцаад гарчих гээд байдаг.

Хүүхэд яагаад нэг киног эсвэл номыг уйдахгүйгээр олон удаа үзэж уншдаг вэ?

Хүүхэд киног эсвэл номыг нэг удаа үзэж уншихдаа бүх юмны болж байгаа үүл явдлын уялдаа холбоог тогтоож, бүхэлд нь ойлгож чаддаггүй. Дахин дахин үзэж нурших бүрт өмнө ойлгоогүй юмаа ойлгож, өөртөө шинэ нээлт хийдэг тул сонирхол нь буурдаггүй.

Яагаад 3-7 насны хүүхэд бага насны хүүхэд шиг ярих дуртай байдаг вэ?

Зарим эцэг эхчүүд үүнээс их төвөгшөөдөг. Энэ насны хүүхэд эрх дархтай том хүн баймаар ч юм шиг. Ээж аавдаа эрхэлсэн нялх хүүхэд баймаар ч юм шиг гэсэн хоёр хүсэлтээр сэтгэл нь хоёр хуваагдаж явдаг үе.
Нялх хүүхэд шиг аашлахыг хэр хэмжээтэй байлгах нь зөв. Эрхлүүлэх үед эрхлүүлээд зарим үед чиний таван настай үеийн чинь хоолойг сонсмоор байна гэж сануулж байх хэрэгтэй. Хүүхэд байнга хялх мэт авирлэх нь хэт ачаалалтай байгаагийн дохио ч байж магадгүй шүү. Хүүхдэд анхаарал дутагдаж байгаагийн шинж. Тийм болохоор байсхийгээд чи том болсон шүү гэдгийг сануулах хэрэгтэй.

Бага ангийн хүүхэд зөвхөн өөртөө л ижил хүйстэй хүүхдүүдтэй яагаад тоглодог вэ?

-Энэ насны хүүхэд өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийгээ өмнөх үеэсээ илүү хурц мэдэрч эхэлдэг бөгөөд өөртэйгөө ижил хүйстэй хүүхдүүдийн бүлэгт ямар байр суурь эзлэх нь чухал болдог тул зөвхөн ижил хүйстэй хүүхдүүдтэй нийлэхийг хуодэг. өөрөөр хэлбэл зөвхөн охидтой тоглосоор би охин шүү гэдгээ олон нийтэд мэдээлж зарлаж байгаа нь тэр.

Таны хувьд хүүхэд чухал уу ажил чухал уу

Гэртээ хүүхэдтэйгээ хамт байх боломж эцэг эхчүүдэд тэр бүр байдаггүй юм. Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой юм бол. Сэтгэл зүйчид зав багатай эцэг эхчүүдэд зориулан 10 зөвлөмж өгч байна.

1.Өлсгөлөн битгий харь.
Өлссөнөөс болж ямар ч хүн ууртай, тэвчээргүй болдог. Гэртээ харихаас өмнө зав, боломж муу байлаа ч ядаж нэг аяга кофе, эсвэл йогурт уучих хэрэгтэй.

2. Ядрах хэрэггүй
Биеийн болон оюуны хэт ачааллын үед ямар ч хүн өөрийгөө тун таагүй болсныг мэдэрдэг. Ийм үедээ бухимдуу, уур уцаартай болдог. Гэтэл таны ажил бүтэлгүй, ажилд дарагдсанд хүүхэд ямар ч буруугүй биз дээ. Хүүхэд эцэг эхээ юунаас болж уцаарлаад байгааг мэдэхгүй. Тиймээс томчуудын асуудлыг хаалганы цаана үлдээгээд гэртээ орж бай.


3. Ажил бол ажил
”Ажил нь надаас чухал юм байна” гэсэн ойлголтыг хүүхэддээ төрүүлэхгүйн тулд гэртээ ажлынхаа асуудлыг хэзээ ч битгий ярьж бай. Ажил чинь танд таалагддаг, харин хүүхэддээ та хайртай.

4. Хүүхэд нэгд
Амжаагүй ажлаа гэртээ хийхээр яг ширээний ард суучихсан үед эсвэл оройн хоолоо ид бэлдэж байхад хүүхэд чинь тань дээр ирвэл та түүнийг “түлхэж” болохгүй. Хүүхэд бол хүн шүү дээ. Ажил, үдийн хоол хүлээж л байг.

5. Таагүй ажлыг та өөрөө хий

Хүүхэд бол танай гэр бүлийн тэгш эрхт нэг гишүүн. Туслагч ч байж магад. Гэр доторх хамгийн таагүй ажлыг хүүхдэд оноож, ялгаварлах хэрэггүй. Тухайлбал, бохир сув суулга, шал угаалгах. Яагаад заавал хүүхэд хог хаях ёстой гэж? Та захирдаг учраас уу.

6. Хүүхэддээ мэдрүүл
Хүүхдээсээ илүү гэдгээ нотлох хэрэггүй. Та насанд хүрсэн хүн. Зөвхөн энэ шалтгаанаар та илүү мэдэж, илүү хийдэг. Сав суулгаа гялалзтал угааж, компьютерийн тоглоом мундаг тоглодог л байх. Та хүүхдээ өөрт итгэлтэй,хүчирхэг, үе тэнгийнхээсээ ялгарч байхыг нь хүсч байна уу. Тэгвэл хүүхдээ ухаалаг, авхаалжтай гэдгээ мэдрэхээрээр та түүнтэй харьц.

7. Ажил чухал бол…
Ажил бол гэр бүлээ тэжээх хэрэгсэл. Хэрвээ ажил чинь таны амьдралын утга учир болсон бол хүүхэдтэй байх шаардлагагүй. Ийм гэр бүлд хүүхэд аз жаргалгүй байж, хурдан насанд хүрэхийг л хүсдэг. Энэ бол эрүүл бус гэр бүлийн шинж.

8. Хүүхдээ сонсч сур
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлсэн үгийг ач холбогдолгүй, чухал биш хэмээн үздэг юм. Хүүхэд хэдий бага ч түүний үгэнд “глобаль”ойлголтууд нуугдаж байдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн бүх л үг яриа, үйлдэл, ажил таныхтай яг адил чухал зүйл.

Хүүхдийнхээ сонирхолд доог тохуутай, шүүмжлэлтэй хандвал та хоёрын хооронд ямар ч итгэлцэл үүсэхгүй. Хүүхдийнхээ алхам бүрийг хянах бус харин ойлгох хэрэгтэй.


9. Хүүхэдтэйгээ зөвлө
Ажил дээрээ юу хийдэг чинь хүүхдэд бас сонин байдаг. Түүнд өөрийн санаа бодол, эмзэглэж буй зүйлийнхээ тухай ярь. Энэ бүхнийг сайжруулах талаар түүнээс зөвлөгөө ав.

Хүүхэд томчуудын ажлыг ойлгох хэмжээнд өсч том болоогүй байна гэж битгий бод. Энэ тийм биш гэж үү. Тэр олон зүйлийг ойлгохгүй байж болно. Гэхдээ тэр эмоц, сэтгэл хөдлөлийг сайн мэдэрнэ. Тиймээс түүний зөвлөгөө зарим үед таныг бүр гайхишруулж ч магад. Хүүхэдтэйгээ зөвлөлдөх нь гэр бүлд нээлттэй, илэн далангүй уур амьсгалыг үүсгэн, итгэлцлийг бий болгодог.

10. Битгий зэмлэ
Хүүхэд танаас эд, мөнгөний хамааралтай байгааг сануулахаас аль болох зайлсхийж бай. Энэ нь хүүхдийг эмзэглүүлж, доромж байдалд оруулдаг. Магадгүй сэтгэлийн гүндээ шударга бус гэдгийг мэдрэх таагүй сэтгэгдэл үлдэж, ингэснээр өөрөөсөө хүүхдээ хөндийрүүлж болзошгүй юм шүү.

Аав, ээжүүдийн толгойг гашилгадаг асуултууд

Монголчууд бид хүүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг хамгийн эмзэг үе шилжилтийн насанд эзэнгүй шахам орхидог тухай дээр өгүүлсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Манай сэтгүү­лээс хавтасны сэдвийн хүрээнд шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Энэхүү асуул­туудад мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хариулснаа танд сонирхуулж байна. Магадгүй танай гэр бүлд ч гэсэн доорх ярвигтай асуудлууд тохиолддог байж болох юм.  


1. Манай найзууд их хэмжээний халаасны мөнгөтэй явдаг гэж хүү маань гомдоллоод байх юм. 16 настай хүүхдэд өнөө үед хэр их  мөнгө өгвөл тохиромжтой вэ?

  - Эцэг эхчүүд өөрсдийн орлогоос шалтгаалж хүүхдэдээ хэдэн төгрөг өгөхөө шийддэг. Бусад эцэг, эхчүүдийн хүүхдэдээ өгдөг мөнгөний хэмжээгээр жишиг тогтоож болохгүй. Хүү чинь тэр мөнгийг юунд зарцуулж бай­гааг анзаарахад гэмгүй шүү. Хэрэв өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг бол их мөнгө өгөөд  хэрэггүй. Хүүд чинь мөнгө хангалттай биш бол тэр өөрөө ажил хийж болно шүү дээ. Жишээ нь танай албан газар гар хурууны үзүүрт зарах, хүүхэд өлхөн хийчих чимхлүүр ажил гарч болох юм. Миний танилын нэг хүү аавынхаа үйлдвэрт сурталчилгааны мате­риал тарааж өгч хэдэн төгрөг авдгийг лав мэдэх юм байна. Харин гэртээ аяга таваг угаах, өрөө тасалгаагаа цэвэрлэх ажил мэдээж үнэ хөлстэй байж болохгүй. Зарим аав, ээжүүд “Чамайг тэрийг цэвэрлэчихвэл тэдэн төгрөг өгнө” гэж хэлдэг. Энэ бол огт буруу зүйл юм.

2. 12-той хүү минь өөртөө тун итгэлгүй. Өөрийнхөө байнгын эргэлзээ, сул талыг тэр хүчээр дарахыг оролддог. Бид түүнийг яаж өөрийн ухаантай, биеэ даасан хүн болгох вэ?

   - Миний бодлоор та хүүх­дийнхээ хэцүү асуудлыг өөрийнх нь өмнөөс нэг биш удаа шийдэж байсан байна. Энэ нь хэдийгээр сайхан ч гэсэн буруу зүйл.  Өөртөө итгэх итгэл нь хүүхэд өөрөө өөртөө итгэж сурахаас үүс­дэг. Эрх танхи өссөн хүүхэд шилжилтийн насандаа ирж, бие даасан байдлыг мэдэрч эхлэхээрээ ихэнхдээ айн тулгамд­даг. Та түүнийг спортоор “эмчилж” болно. Хэрэв хүү чинь багийн спортод тийм ч дуртай биш байвал ширээний теннис, шатар даам зэрэг ганцаарчилсан төрлийг санал болгох хэрэгтэй. Энэ нь түүнээс ихээхэн анхаарал, өөрийгөө хянах чадвар шаарддаг. Аль аль нь түүнд хэрэгтэй. Хүүдээ зуны амралтаар аав ээжгүйгээр ганцаараа ямар нэгэн зүйл хийх санал тавьж болно. Хэрэв тэр өөрөө сонговол бүр сайн.

3. Хөвгүүдийн шилжилтийн насанд эрэгтэй хүн хэр чухал нөлөөтэй вэ?

   - Эрэгтэй хүүхдэд эцэг хүн зайлшгүй нөлөөтэй байдаг. Хэн нэгэн эрэгтэй хүний үүрэг, роль байхгүй бол хөвгүүд 10-тайгаасаа эхлээд шилжилтийн насны хөгж­лийн бэрхшээлтэй болох нь бий. Хөвгүүд үүнийг мэдрээд зогсохгүй аавыг нь орлох хүнийг өөрийнхөө таньж мэдэх хүмүүс дотроос идэвхтэйгээр хайж эхэл­дэг. Хажуу айлын тэтгэвэртээ гарсан мужаанаас эхлээд цагдаа, эмч, багш нар дотроо хүртэл мөрөөдлийнхөө аавыг тэд эрсээр байдаг. Хамгийн тохиромжтой нь мэдээж гэрт нь байгаа эр хүн юм. Харин өрх толгойлсон эхчүүд ихэнхдээ эрчүүдтэй танил­цахаасаа айж, учир мэдэх болсон хүү нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэхээс эмээдэг. Аавыг нь орлох хүнд хөвгүүд харин ч дуртай байдаг.

4. Хүү маань шилжилтийн насандаа яваа. Хүүхдийнхээ сэтгэл санааны тогтвортой бус байдлыг анзаарахгүй өнгө­рөх үү, эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юу?

  - Хэрэв хүүгийн чинь сэтгэл санаа тогтворгүй байгаа бол тайван орхисон нь дээр. Дааврын өөрчлөлтөөс болж хүүхэд нь зөрүүд хөшүүн, сэтгэл санаа нь тав­гүй болдгийг олон эцэг эх ойлгодоггүй. Шилжилтийн насны нэг онцлог бол хүүхдүүд энэ үедээ ойлгогдохыг хүсдэггүй. Учир нь тэд өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Тэд ийм тогтворгүй үедээ тайван байхыг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүд зөв ойлгож, аль болох эв зүйгээр харьцахыг хичээгээрэй. Хүү чинь хэрэв хүсвэл ойрхон байгаарай. Харин хүсэхгүй байгаа бол зүгээр л ажигла.

5. Манай охин 14-тэй. Тэр дуучин Жастин Тэмберлэйкт үхтэлээ дурлачихаад түүнээс өөр хэнийг ч ингэж хайрлахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Үүнд ноцтой хандаж охинтойгоо энэ талаар ярих хэрэгтэй юу?

   - Одуудад шилжилтийн насны олон охид дурладаг. Хайртай хүндэлж явдаг дуучнаа мөрөөдөж, бодож яагаад болохгүй гэж. Үеийнх­нийх нь сонсох дуртай, бас дэлхий даяар од болсон царайлаг дуучин мэдээж хэрэг түүний хувьд хэнтэй ч зүйрлэмгүй харагдаж байгаа. Өөр нэгэн “бодит” Жастин Тэмберлэйк гарч иртэл түүнд охин чинь дурласаар байх болно. Та энэ байдалд, ялангуяа охиныхоо түүнд дурласан сэтгэлийг нь бодож ноцтой хандах хэрэггүй. Түүнийг шоолохгүйгээр сонсоорой. Та ингэснээрээ охиныхоо сэтгэл санааг ойлгох болно. Хэрэв та хүсвэл багадаа хэнд ингэтлээ дурлаж байснаа ч ярьж болно шүү дээ.

6. Хүү маань өдөржин компьютерийн өмнө сууж PC тоглож, эсвэл чааталж  ихэнх цагаа өнгөрөөдөг. Үүнийг нь болиулахын тулд би юу хийх ёстой вэ?

   - Хүүгээ юуг хамгийн сайн чадаж, юугаар бахархдагийг нь асуугаарай. Хэрэв түүний хариулт нь зөвхөн компьютертэй холбоотой байвал та даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Түүн­тэй энэ талаар ярилцаж болно. Хүүхдүүд ямар нэгэн даалгавар авч, түүнийгээ биелүүлж, өөрөөрөө бахархахыг хүсдэг. Харин амьдрал дээр тэдэнд ийм боломж олдохгүй бол үүнийг компьютерийн тоглоомоос авахыг чармайдаг байна.  

7. Манай хүү 15-тай. Найзуудтайгаа нийлээд ман­суу­руулах өвс (хортой өвс) татаж үзсэн тухай би өөр хүний амнаас сонслоо?

   - Мансууруулах өвсийг сонир­хож татах нь өсвөр насныхны дунд элбэг үзэгдэл. Та үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хүүдээ хар тамхины хор хөнөөл, хэрэв удаан хугацаагаар хэрэглэх юм бол тархины эд эсийг гэмтээдгийг ойлгуулаарай. Гэхдээ номлож тайлбарлах биш, харин “Чи бол ухаантай хүүхэд, энэ бол тун болчимгүй алхам. Ирээдүйгээ баллах зүйл хийхгүй байх аа гэж найдаж байна” гэхчлэн учирлаж ойлгуулаарай.  

8. 11 настай охин минь гэрийн ажил хийхээс байнга хойш суух юм. “Би яагаад дандаа аяга таваг угаах ёстой юм бэ?” гэж урдаас гөжүүдэлдэг. Түүнтэй энэ талаар ярилцах ёстой юу, эсвэл?

  - Бүх асуудалд заавал сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандах гэсний хэрэггүй. Хэрэв “Яагаад” гэдэг асуултдаа ухаалаг тайлбартай хариу хүлээх биш, эцэг эхээ удаан хугацаагаар тайлбарлуулж, хүнд байдалд оруу­лах гэсэн хүсэл эрмэлзэл нуугдаж байвал заримдаа “Тэгэх л ёстой болохоор” гэж хариулж болно. Хамгийн чухал нь шилжилтийн насны хүүхдэдээ эцэг, эх нь ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Үүнийг бас бичгээр ч хийж болно. Шилжилтийн насны хүүхдүүд гэрээ хийх дуртай байдаг. 11-12 насны хүүхдүүд гэр бүлдээ туслах хэрэг гарвал ямар мартамхай болдог гэж бодно. Хэрэв хоёр талаас зөвшилцөн тохиролцоонд хүрсэн л бол “Хийх ёстой л юм чинь” гэж бардам хариулж болно.

9. Дөнгөж 15 настай мөртлөө манай охин эсрэг хүйсийнхээ хүнийг харахаараа сонин авир гаргаж эхэлдэг. Биеийнхээ хөдөл­гөөнийг өөрчилж, яг л театрын тайзан дээр зог­сож байгаа юм шиг маяглах юм. Энэ нь эмэгтэй хүүх­дийн шилжилтийн насанд тохиолддог зүйл үү?

  - Хэтэрхий  их санаа зовсны хэрэггүй. Ийм насанд байдаг л зүйл. Гэхдээ бусдын сонирхлыг татах гэсэн охины чинь хүсэл хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Зарим охид шилжилтийн насанд хүрч, бие галбир нь өөрч­лөгдөхөөр бусдаас содон хувцаслахыг хүсдэг. Мөн эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлын төвд байхыг чармайж эхэлдэг. Гэхдээ манай охидын дунд ийм нүүрэмгий байх нь цөөхөн л дөө. Монгол охид хэтэрхий ичимхий, бүрэг байдаг нь зарим талаараа бие галбирт нь ч нөлөөлөх нь бий. Тухайлбал зарим охид хөхөө ургахаар түүнээсээ ичиж, мөрөө хавчиж явсаар байгаад бөгтөр болчихдог талтай. Тиймээс эцэг эхчүүд энэ үед нь илэн далангүй ярилцаж, ямар нэгэн болчимгүй алхам, тэнэг үйлдэл хйихээс нь охиноо урьдчилан сэргийлж болно.   

10. Эхнэр бид хоёр хагас жилийн өмнө салсан. 12 настай том охин маань үүнээс болж их шаналдаг. Охин маань хичээлдээ эрс муудаж байгаа нь ажиглагдах боллоо. Түүнд яаж хэлж ойлгуулах вэ?

   - Та юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л сонсох хэрэгтэй. Түүнд энэ салалт ямар хэцүү байгааг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Охиныхоо яаж ганцаардаж байгааг ойлгохыг хичээ. Түүний хувьд аав нь гэрээсээ явсан асуудал хамгийн аймшигтай бөгөөд аавдаа хаягдаж хоцорсон арчаагүй сул дорой нэгэн мэт мэдрэмж түүнд төрдөг. Тиймээс түүний хичээл сургуульд нь анхаарч, хамтдаа гэрийн даалгаврыг нь хийлцэж, сэтгэл санааг нь хуваалцаж най­зууд шиг хандах хэрэгтэй. Ингэс­нээр тэр аавдаа хаягдаагүй гэдгээ мэдрэх болно.

11. 13 настай охин минь бидэнд дандаа худлаа хэлдэг. Түүний энэ зуршлыг болиулахын тулд бид яах ёстой вэ?

   - Худлаа ярьж, хулгай хийх нь шилжилтийн насны эхэн үед гардаг үзэгдэл. Худлаа ярьс­наараа тэд хэвийн хил хязгаараас хальж хэр хол очихоо сорьж үзэх гэдэг. Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ түшиж, зөв зам руу нь залж, тэдэнд үлгэр жишээ болж, хүүхдийнхээ үг яриа, үйл хөдөлгөөнд нь нийтээр заншсан хэв маяг, үнэлэлтийг  суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдөө худлаа ярьдаггүй байхын дээр шударгаар үнэнээ хэлж, хүүхдийнхээ худлаа ярьж байгааг мэдвэл түүнийг нь хэлж хэмжээнээсээ хэтэрч байгааг нь сануулж байх нь чухал.

12. Манай охин дөнгөж 17 настай. Тэр өөрөөсөө хоёр насаар ах найз залуутайгаа унтахыг хүсээд байна. Үүнийг нь яаж болиулах вэ?

   - Охин чинь өөрийнхөө нууцыг танд ярьсан нь нээлттэй бай­гаагийн шинж. Үүн дээр нь  тулгуурлаад энэ сэдвийг хөндөх хэрэгтэй. Охин чинь өөрөө үүнийг хүсэж байгаа эсэхээ сайн мэдэхгүй болохоор таныг турш­лагаасаа хуваалцаасай гэж бодож байна. Охиндоо “Арай л эрт байна, жаахан хүлээх хэрэгтэй” гэдгийг ойлгуул. Харин охин чинь баяр хөөр болж танд баярласнаа илэрхийлнэ гэж горьдсоны хэрэг­гүй. Гэхдээ л тэр найз залуудаа “Би чамтай унтмаар л байна, даанч манай мангар аав, ээж хоёр зөвшөөрөхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэснээрээ та буруутан болж магад, гэхдээ тэр үүнийг тэвчээд өнгөрөх болно.

13. Манай хүү 11 настай. Сурлагадаа тийм ч сайн биш, үг дуу цөөтэй болохоор ангийн­хан нь гадуурхдаг болол­той. Харин сүүлийн үед бус­дын сонирхлыг татах гэж сахилгагүйтэх боллоо. Бид юу хийх ёстой вэ?

   - Хүү чинь бусдын анхаарлыг албан хүчээр татах гэж оролдож байгаа боловч зөв замаа олохгүй, ангидаа алиа салбадай болж ч мэдэх юм. Ямар ч гэсэн та хүүгийнхээ энэ байдлыг нэг их дэмжсэний хэрэггүй. Түүний оронд хүүгийнхээ юуг хамгийн сайн хийж чаддагийг нь мэдэх хэрэгтэй. Ийм хүүхдүүд алиалах авьяастай байдаг бөгөөд жүжиглэх дуртай байдаг. Түүнийг Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд бүртгүүлж болно шүү дээ. Түүнээс гадна найзуудыг нь урьж хүү чинь тэдний дунд биеэ яаж авч явж байгааг сэм ажиглаарай. Магадгүй тэр байнга бусдын анхааралд байх гэж оролдож, тэгснээрээ улам их ганцаарддаг ч юм бил үү?  

14. 14-тэй хүү минь өнгөрсөн хагас жилийн хугацаанд бид­нээс их хөндийрсөн. Тэр юм л бол бодолд автаж, заримдаа дэндүү уйтгартай, цөхөрсөн байдалтай болчих юм. Хүүхэд сэтгэл санааны хямралд орно гэж байдаг уу?

   - Хүүхдүүд, ялангуяа шилжил­тийн насны эрэгтэй хүүхдүүд бидний төсөөлж байгаагаас ч илүү хүнд асуудалтай байдаг. Аргаа барах, итгэл алдрах, цөхөрч байгаа юм шиг мэдрэмж нь хүчтэй болох юм бол синдром өөрөөр хэлбэл сэтгэл санааны хямрал үүсэх тохиолдол бий. Ийм хүүхдүүдэд тусламж хэрэгтэй. Эцэг эхчүүд шилжилтийн насны яг ийм үед төдийлэн тус болж чаддаггүй. Харин нагац ах, өвөө нь ч юмуу, эсвэл таньдаг хүн нь л энэ үед ойртон  тусалж чадна. Хэрвээ дээрдэхгүй арай өөр арга барилаар үзэх хэрэгтэй.

15.  Бид охидтойгоо бүгдтэй нь адилхан харилцах ёстой гэж боддог боловч өдөр тутмын амьдралд өөр өөрөөр харьцах ёстой юм гэдгийг анзаарч байна. Нэг нь үгэнд сайн ордог байхад нөгөөх нь үгүй. Зарим үед бид өөрсдөө хүсээгүй ч хатуу байх шаардлагатай болдог. Ингэх хэрэгтэй юу?

  - Хүүхдүүдтэйгээ яг адилхан харьцаж байгаа хүн зан чанарынх нь хувьд  тэдний ялгааг мэдэрч буурь суурьтай хандахгүй байна гэсэн үг. Хүүхэд болгонтой  хэрхэн тулж харьцах вэ гэдэгт асуудлын гол нь байдаг. Нэг хүүхдийг нөгөөтэй нь хэзээ ч битгий зүйрлэ. Харин өөртэйгээ адилхан бодож зүйрлэ гэж 200-гаад жилийн өмнө сурган хүмүүжүүлэгч Пэсталоци хэлсэн байдаг. Хүүхэд болгонтой тааруулж харьцах хэрэгтэй. Үгэнд хурдан ордог хүүхдээ сайшааж, хэмжээ хязгаарыг мэддэггүй хүүхдэд замыг нь зааж өг. Олон хүүхэдтэй байх тусмаа хүн их зүйл сурдаг. Төлөвлөснөөр тань бүх зүйл бүтэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

16. Охин маань цаг үргэлж найзуудтайгаа утсаар ярьж, мэссэж бичдэг нь биднийг их нэрвтүүлдэг. Түүнд яаж хязгаар тавих вэ?

   - Охин чинь тэр үедээ бүхнийг мартдаг нь таныг улам бүр нэрвтүүлж байна уу? Тэгвэл та хязгаарлах хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийсний дараа найзууд­тайгаа ярь, эсвэл хооллож байх үед бүү ярь гэх мэтээр байнга сануулж байх нь зүйтэй.

17. Манай охины найз залуу 17-той, түүнээс хоёр ах. Охин маань заримдаа шөнө дөл болтол гэртээ орж ирдэггүй. Үглэж загнаад үгэнд орохгүй юм. Яаж харилцах ёстой вэ?

  - Ер нь хүү, охиныхоо найзууд­тайгаа уулзах явдалд аав ээж нь хугацааг нь тааруулж өгч байх ёстой. 15-тай зарим хүүхдүүд өөрийгөө шөнө дөл болтол гадуур явах насанд хүрсэн юм шиг боддог байхад заримд нь цаг хуга­цааны хязгаар бага тогтоох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэд биеэ даах чадваргүй. Хэрвээ охин чинь найз залуутайгаа тэгж л их цуг баймаар байгаа бол гэртээ түүнийг урьж 22 цаг хүртэл байхыг зөвшөөрч болохгүй гэж үү? Гадуур хаана, юу хийж байгаа бол гэж санаа зовсноос л хамаагүй дээр шүү дээ.

18. Манай охин 16-тай, саяхнаас 22-той найз залуутай болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу?

   - Үүнд заасан хууль байх­гүй, та өөрөө ч гэсэн охиноо найз­тайгаа уулзахыг нь дандаа хянаж байхыг хүсэхгүй байгаа биз дээ. 22 настай эрчүүдийн зан байдал, хувийн хүмүүжил янз бүр байдаг. Харин тэр залуу охиноор чинь нэг шөнийн зугаагаа гаргаад орхичихыг үгүйсгэх аргагүй. Залуус гэнэн жаахан охидыг урхи­даж, “Чи хайртай л юм бол надтай унт” гэж ятгадаг тал бий. Хамгийн чухал нь танай охин өөрийнхөө хязгаарыг мэдэж, өөрөө хүсээгүй юмаа хийхгүй байх ёстой. Ингэхийн тулд охин чинь тантай илэн далангүй ярих нь чухал. Хэрэв та найз залууг нь хүлээн зөвшөө­рөхгүй бол охин чинь тантай ямар ч асуудлаа ярихгүй байх болно.

19. Охин минь шилжилтийн насандаа яваа юм. Насных нь онцлог юм болов уу, сүүлийн үед тэр их онгироо, дээрэнгүй, их мэдэгч зантай болчихлоо. Бид яаж түүнд энэ тэнэг байдлыг нь ойлгуулах вэ?

  - Түүний энэ ааш нь шил­жилтийн насны онцлог, сэтгэл санааны тогтвортой биш байд­лаас болж байгаа юм. Тэр таны хайрыг мэдрэхгүй ч байж магад. Та нэг сарын турш үүнийг анзааралгүй байж, охины чинь юу танд таалагддагийг хэлж сайшаа. Шүүмжлэхдээ “Чи их зан гаргаад байна” гэхийн оронд “Чиний надтай харьцаж байгаа хоолойны өнгө надад таалагдахгүй байна”  гэж хэлэх хэрэгтэй.

20. Манай хүү 15 настай. Тэр удаа дараа миний түрийвчнээс мөнгө хулгайлах боллоо. Янз бүрээр шийтгэж ч үзсэн.  Гэрт хорих, шахалт хавчлагыг тэр маш их  эсэргүүцдэг. Бид одоо юу хийхээ мэдэхгүй байна?

   - Ихэнх эцэг эх хүүхдүүд нь хулгай хийхэд их сандардаг. Түүнийгээ тэр болгон ярьдаггүй. 15 настай хүүхдийн тухайд жаахан хүнд асуудал л даа. Хүү чинь одоо шударга ёс гэж юу байдгийг мэддэг болсон байх ёстой. Гэрт хорьж  “яллах”-аа ор тас мартах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд улам цаашилдаг. Хүүхдийн сэтгэл суд­лаачтай ярьж хулгай хийх үйлдлийн цаана ямар нэгэн сэтгэл санааны асуудал байна уу, үгүй юу гэдгийг олж  мэд. Ихэнхдээ тэд эцэг эх нь өөрийг нь хайрлахгүй байна гэж боддог. Эсвэл тэдний дуртай юм бүхэн бэлэн байх ёстой гэж үздэг эрх хүүхдүүд байх нь бий. Та зүгээр л гэр бүлээрээ солонгос хоолны газар очихоор төлөвлөсөн нэг оройн хоолоо болиод “20 мянган төгрөг байсан чинь алга болчихож,  бидэнд одоо мөнгө алга” гээд хэлчих. Ингэхдээ та “Аав ээж хоёр нь мөнгөний төлөө морь мал болтлоо зүтгэж байна, хүүдээ өгч байгаа мөнгө болгон аав ээжийн чинь чамд хайртайгийн илрэл юм шүү” гэдгийг ойлгуулахыг хичээ. Ингээд нэг удаа өрөвдүүлэх гэж үз. Ихэнх эрэгтэй хүүхэд үүнийг их сайн тусгаж авдаг.

null

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг.

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.

  ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.  

  Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сай­хан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий бол­дог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан ави­раас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.


Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:

   Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.

   Цэцэрлэгийн насны хүүх­дүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавы­гаа зурагтны өмнө сонин дэл­гэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  


Шоовдор хөвгүүд

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүн­тэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай.   


Харснаа дуурайдаг бага насныхан

   Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөл­гөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархи­рахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  

  Хүүхэд хөлд орж, ид хөдөл­гөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй.

  Яг үүнтэй адил  хүүхэд бол­гон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүү­жүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаач­лагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, даран­гуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай бол­дог.

  Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэв­хи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэр­лэгийн насныхныг “Далан худал­чийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг.


Эзэнгүй хүүхэд

   Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харь­цангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг  явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социа­лизмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөн­гүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд  “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.

  Нөгөө хошин шогийн нөх­дүүдийн хэлдэг шиг “Хэн  хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.

  Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харил­цаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий бол­дог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлз­дэг. Өөрийнхөө боломжийг дээ­гүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө авт­даг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие бие­нийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.

  Бэлгийн бойжилт энэ үед эрчим­тэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэт­гэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна.


Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

   Хүүхдийн хүмүүжилд нийг­мийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийг­мийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнх­ний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагд­лыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монгол­чуудын хувьд жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэв­лэл мэдээлийн хэрэгслийн асар хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ, ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

   Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие хүний төлөвшлийн хандлага чиглэлүүд буруу тийшээ хазайсаар байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил сонгохоосоо илүү улс төр, биз­несийн хүрээний мэргэжил рүү хошуурах хандлага улам хавт­гайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ “чихдэг” сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. “Дургүйд хүчгүй” гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт олох нь ховор тохиолдол байдаг.

  Хүүхэд хүмүүжүүлэх уламж­лалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүх­дийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон,  үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо боль­дог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлш­гүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.

 

МАН олон нийтийн байцаагч нарыг хэлмэгдүүлж байна.

Нийслэлийн хороодод хэсгийн ахлагч , олон нийтийн байцаагч гэсэн 2 төрлийн сайн дурын ажилтнууд ажилладаг билээ.Гэтэл МАН аас гарсан нийслэл, дүүргийн иргэдийн хурлууд олон нийтийн байцаагч нарыг ялгаварлан гадуурхаж байгаа Хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж би үзэж байна.Энэ оны эхэнд хуралдсан Нийслэлийн иргэдийн хурлаар хэсгийн ахлагч нарын урамшууллыг 108000 болгож нэмэгдүүлсэн мөртлөө олон нийтийн байцаагч нарын урамшууллыг дөнгөж 10000 төгрөгөөр нэмэгдүүлж 30000 төгрөг болгосон нь бид нарыг нохой шиг үзэж доромжилсон хэрэг болж байна.Иймд энэхүү ялгаварлан гадуурхах үйлдлээ нэн даруй зогсоож олон нийтийн байцаагч нарын урамшууллыг нэмэгдүүлэхийг МАН ын бүх шатны удирдлагуудад байна.Биднийг цаашид ийнхүү ялгаварлан гадуурхах үйлдэл үргэлжилбэл  ирэх оны сонгуульд Нийслэлд МАНын эсрэг компанит ажлыг бүх дүүргийн олон нйитйин байцаагч нар нэгдэн зохион байгуулах болно.

Feb 26, 2011

4-5 иастай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

муу зуршлаас зайлсхийх

·         өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах

·         өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах

·         аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох

·         хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

6,7 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

  • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
  • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
  • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
  • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
  • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
  • тооны бүтэцтэй танилцуулах
  • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
  • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
  • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
  • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

3-4 настай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

  • томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах
  • бие биендээ тусалж сурах
  • тодорхой дэглэм журмыг сахих
  • хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх

4-5 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийн стандарт

  • шүдээ бие даан зөв угааж сургах
  • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
  • цэвэр нямбай хооллох
  • хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
  • унтлагын хувцас хэрэглэх
  • гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
  • ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
  • хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
  • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
  • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
    энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.

3-4 настай хүүхдийн бие бялдрын хөгжил

  • гараа угааж хэвшүүлэх
  • шүдээ угааж сурах
  • сам хэрэглэж хэвшүүлэх
  • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
  • хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэх
  • нөхөддөө туслах, туслалцаа хүсэх
  • багштай хамтран ороо засах ба хурааж сурах
  • нар ус агаараар чийрэгжүүлэх
  • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
  • хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
  • хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
  • зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
  • энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.

5-6 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

  • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
  • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
  • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
  • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
  • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
  • тооны бүтэцтэй танилцуулах
  • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
  • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
  • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
  • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

2 оос " настай хүүхдийн оюун ухааны хөгжил

 

  • - авиаг зөв хэлэх
  • - үгийг тод хэлэх
  • - жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсох
  • - асуултанд хариулах
  • - эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах
  • - үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болох
  • - орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
  • - эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
  • - цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сурах
  • - эд юмсыг тоолж сурах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээх
  • - улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
  • - цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах

Хүүхэд өсгөнө гэдэг хамгийн үнэ цэнтэй ажил

Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд, гэртээ хүүхдээ хараад суухаараа өөрийгөө ажилгүй, гэрийн авгай гэж нэрлэдэг /мэдээж хэрэг цэцэрлэгийн нас хүрээгүй, харах хүн байхгүй үед/. Тэгж буй хүмүүсээс би, - таны хувьд хүүхэд тань хэр зэрэг үнэ цэнэтэй вэ? - таны амьдралын утга учир юу вэ? гэж асуудаг. Тэд үнэтэй... , мэдээж үр хүүхэд гэдэг. Тэгэхээр нь хариуд нь, тэгвэл та өөрийнхөө хамгийн нандин, хамгийн үнэ цэнэтэй үр хүүхдээ "хүн" болгох хамгийн хариуцлагатай, хамгийн чухал ажлыг хийж байгаа юм биш үү? гэж асуухад, - нээрээ тийм ш дээ... гэдэг 

 Тиймээс эхчүүдээ, та бүхэн гэртээ зүгээр суугаагүй, хамгийн үнэ цэнэтэй ажлыг хийж байгаа гэдгээ ойлгон, өөрсдөөрөө бахархах ёстой юм шүү. Ер нь хамгийн үнэтэй, хамгийн агуу зүйл бүхэн үнэгүй байдгийг та анзаараарай, эхийн хайр, ханийн хайр, хамгийн дотно найзын зөвлөгөө гэх мэт  

Шинэ эриний хүүхдүүд

Мэдээлэл, технологийн хурдтай хөгжилтэй холбоотойгоор хүүхдүүдийн хөгжил ч бас маш хурдтай явж буй өнөө үед эрхэм эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ балчир гэж гололгүй хийхийг хүссэн үйлдлийг нь дэмжээд хийлгэж байгаарай. Ер нь бол хүүхэд гэдэг амьтан юу идэхээ, юу хийхээ мэддэг гэдэг. Жишээлбэл, хүүхдүүдийг маш олон төрлийн хүнсний зүйл бэлтгэж тавьсан танхимд 7 хонуулахад хүүхэд өөрт хэрэгтэй буюу бие организмдаа шаардлагатай байгаа дутагдаад байгаа тэр л хүнсийг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрөө сонгон хэрэглэж улмаар өөрт байсан эмгэгээсээ салсан жишээ байдаг. Үүнтэй адил таны хүүхэд би ер нь юу хийж чадахаар байна... гэдгээ мэддэг гэж хэлж болно. Тиймээс та бүхэн хүүхдээ балчир байна гэж гололгүй хийхийг хүссэн үйлдэлд нь дэм болж хамтарч гүйцэтгэж байвал хүүхдийн сэтгэцийн болоод бие бялдрын хөгжил илүү сайн явагддаг болох нь батлагдаад байна. Эс бөгөөс багадаа /5 хүртлэх насандаа/ эзэмшээгүй дадлыг том болсных нь дараа суулгана гэвэл танаас маш их хүч хөдөлмөр гарах болохыг анхаарна уу. Ер нь хүүхдийн төлөвшил хөгжлийн 90% -нь 5 хүртлэх насанд нь тогтсон байдаг гэдгийг санаж яваарай.