Dec 27, 2010

ШИНЭ ЖИЛИЙН БАЯР -аа тэмдэглэлээ


"Индиго" хүүхдийн хөгжлийн төв нь 2010.12.25 нд "Шинэ жилийн баяр" аа амжилттай тэмдэглэлээ. Энэ удаагийн баяр наадмын хөтөлбөрөөрөө тус төвийн хүүхэд, багачууд "Хүн чанарын агуй" сэдэвт зохиомжит үзүүлбэрийг тоглож эцэг эх, найз нөхөддөө сонирхууллаа. Тус зохиомжинд эерэг хандлагатай гэр бүлд өссөн, сайхан сэтгэлтэй, сайн хүүхдүүд болон муу хандлагатай гэр бүлд өссөн авьяаслаг боловч хүн чанаргүй хүүхдүүд гэсэн хоёр бүлэг хүүхдүүд "ИНДИГО" төвийн шинэ жилийн баярт оролцохоор явж байгаагаар эхэлдэг ба, тэд замдаа хүн чанарын агуйгаар дамжин гарах үедээ замд нь тохиолдсон хүн чанар, авьяас чадварыг нь сорьсон олон саад бэрхшээлийг давж гарах болно. Ийнхүү үзүүлбэрийн төгсгөлд муухай сэтгэлтэй хүүхдүүд "хүнд авьяас чадвар байвч хүн чанаргүй бол хэн ч биш юм байна" гэдгийг ухаарснаар агуйг амжилттай гатлан, Индиго төвийнхөө баяр наадамд оролцож чадаж буй тухай өгүүлнэ.

Түүнчлэн Тус төвийн "Ирээдүйн эзэд" клубын өсвөр насын гишүүд өөрийн авьяас билэгээ хичээнгүйлэн хөгжүүлж, хүний муу чанараас холуур байж, харин сайн сайхан чанарыг түгээн цэцэглүүлж, өөрийнхөө болон эх орныхоо жинхэнэ эзэн нь байж чадахаа амласан тангараг өргөж, энэхүү амлалтаа ямагт санаж, хичээнгүйлэн биелүүлнэ гэдэгт итгэж, тэдэнд итгэл хүлээлгэж, урам зориг хайрласан "Батламж" гардууллаа.

Харин "Ирээдүйн эзэд" клубын бяцхан гишүүд маань "Индиго" хүүхдийн хөгжлийн төвийн "Ирээдүйн эзэд" нэртэй тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Ийнхүү "Индиго" хүүхдийн хөгжлийн төвийн хамт олон хуучин оноо үдэж, шинэ онтойгоо зорилго тэмүүлэл дүүрнээр золгох бэлтгэлээ хийлээ.
































Жич: Шинэ жилийн баярын арын ажлыг амжуулж, хийж бүтээсэн ажлын тайлан болон тус төвийн хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн гаргах, батламж, тэмдэг хийлгэх, бэлэг бэлтгэх зэрэг бүхий л ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн тус төвийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий, багш Г.Насанцэцэг, Д.Энхжин нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Dec 6, 2010

БЯМБА гарагийн бүлэг нээгдлээ


ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний сурч, мэдэх, хийж бүтээх чинхүү хүсэл тэмүүллийг нь дэмжих үүднээс БЯМБА гарагийн бүлэг нээлээ.

Бямба гараг бүр 3 наснаас 6 насны хүүхдүүд төв дээрээ ирж, найз нөхөдтэйгээ оньсого таалцан, ертөнцийн гурав, түргэн хэллэгээр наадан, сургамжит видео үзэж, олон шинэ зүйлийг сурч мэдэхээс гадна, цаасан урлал, наамал болон бусад олон төрлийн бүтээл хийж байхаар боллоо.

Та бүхэн Бямба гарагийн өглөө 10 цагаас орой 5 цаг хүртэл, өдрийн дөрвөн хоолтой, тав тухтай, цэвэр орчинд хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэхийг хүсвэл манай төвд хандаарай.

/Энэхүү зураг дээр хүүхдүүд "Таван сармагчин" гийн тухай богино хэмжээний видео үзээд, түүнийгээ үйл хөдлөлд оруулан, үзүүлэх тоглолт хийж байна/




Манай хаяг: Ялалтын урд, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын байрны зүүн урд талд, "ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төв
Харилцах утас: 8817-7575

Nov 28, 2010

"ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубын гишүүдийн уулзалт БЯМБА гараг бүр болно


ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубын өсвөр насны гишүүдийн гурав дугаар уулзалтаар "Эцэг, эхийн ач, тус, үнэ цэнэ" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэд бүхэн ээж, аавдаа захидал бичицгээлээ. Түүнчлэн цаасан нугалбараар дугтуй хийн сурцгааж, уламжлалт ёсоороо баг болон оюуны тоглоомоор наадацгаалаа.


Тус клубын цэцэрлэгийн насны гишүүд Бямба гараг бүрийн 11 цагаас 13 цаг хүртэл,6-8 насныхан 13 цагаас 15 цаг хүртэл, 9-13 насныхан 15 цагаас 17 цаг хүртэл хөтөлбөр, сургалтандаа хамрагдаж, найз нөхдөөсөө болон багш нараасаа их зүйлийг сурч мэдэж, эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД болох зорилго тавин хичээнгүйлэн суралцацгааж байна.

Тус клубын уулзалт Бямба гараг бүр болж байхаар хуваарь гарсан тул өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, эх орныхоо ирээдүйн эзэдтэй мөр зэрэгцэн алхахыг хүссэн хэн бүхнийг "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубтээ уръж байна.

Nov 27, 2010

ИНДИГО төв СЭТГЭЛ ЗҮЙЧтэй боллоо...



ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь шинэ зууны хүүхдүүдийн онцлогийг олон талаас нь оношилон, судалж, тэдэнд болон тэдний гэр бүл, эцэг эхэд нь зөвлөгөө өгөх зорилгоор мэргэжлийн сэтгэлзүйн багтай боллоо. Манай төв та бүхэнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

Ганцаарчилсан зөвлөгөө
1. Ганцаарчилсан анхны уулзалт зөвлөгөө
2. Ганцаарчилсан хоёр дахь давтан зөвлөгөө
3. Ганцаарчилсан сэтгэл засал /6 удаа/

Хосуудад зөвлөгөө өгөх
1. Анхны уулзалт зөвлөгөө
2. Давтан уулзалт зөвлөгөө
3. Курс зөвлөгөө засал /6-8 удаа/

Гэр бүлийн харилцааны ажиглалт, зөвлөгөө
1. Гэр бүл дэх сэтгэл зүйн ажиглалт
2. Гэр бүлд өгөх зөвлөгөө
3. Гэр бүлийн сэтгэц засал
4. Шинээр гэр бүл бологсдод зөвлөгөө
5. Хүүхэд хүмүүжүүлэх арга барилд өгөх зөвлөгөө
6. Хүүхдийн хүмүүжлийг гэр бүлд нь төлөвшүүлэх










Хүүхдэд чиглэсэн оношлогоо, зөвлөгөө
1. Нярай насны /0-1 нас/ зөвлөгөө
2. Балчир насны /1-3 нас/ зөвлөгөө
3. Сургуулийн өмнөх насны /3-5 нас/ зөвлөгөө
4. Сургуулийн бага насны /6-9 нас/ зөвлөгөө
5. Өсвөр насны /10-18 нас/ зөвлөгөө
6. 3-18 насны хүүхдийн сэтгэц оношлогоо
7. Мэргэжил сонголтын зөвлөгөө
8. Мэргэжил сонголтын оношлогоо, сургалт

Та бүхэн доорх утас, мэйлээр холбогдон, цаг авч ИНДИГО төвөөр үйлчлүүлнэ үү. Баярлалаа.
Утас: 8817-7575,
И-мэйл: indigo_tuv@yahoo.com

Nov 21, 2010

ӨНГӨТ ХҮҮХДҮҮД -Монголын шинэ үеийн хүүхдүүдийг судлах аян


"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төв,"ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ" ТББ болон "АУРА СТУДИ" хамтран "ӨНГӨТ ХҮҮХДҮҮД" -Монголын шинэ үеийн хүүхдүүдийг судлах аянг 2010.11.19-нд албан ёсоор эхэллээ.

Энэхүү аяны эхний хүрээнд Монгол хүүхдүүдээ аурагаар нь оношилох ажлыг хийж байна.

"ӨНГӨТ ХҮҮХДҮҮД" Монголын шинэ үеийн хүүхдүүдийг судлах судалгааны аяны зорилго:
1.Монгол хүүхдийн сэтгэхүйн онцлог, төрөлх хэв шинж, авьяас чадварыг судлан нээн илрүүлэх, цаашдын сургалтын технологи, сурган хүмүүжүүлэх арга барилд тодорхой хувь нэмэр оруулах.
2.Шинэ зууны иргэн гэгдэх Индиго хүүхдийг олж илрүүлэх, тэдний нөөц боломж, чадварыг нийгэмд эерэгээр ашиглахад оршино.

Бид аурагаар хүүхдийн онцлогийг судлахаас гадна дараах нэмэлт судалгаануудыг сэтгэлзүйн үндэстэйгээр хийж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт чиглэсэн зөвлөгөө, сургалтыг явуулж байна.
• зан төлөв, хувийн хэв шинж, авьяас,
• сэтгэлгээний болон сэтгэхүйн онцлогийг илрүүлэх
• гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт
• хүүхдийн нас зүй, орчны нөлөөг судлах, сурган хүмүүжүүлэх арга барил
• мэргэжил сонголт, зорилго, амьдрал төлөвлөлт гэх мэт.

Уриалга:
Шинэ зууны хүүхдүүд оюун ухаан, сэтгэлгээний өндөр чадамжтай төрж байгаа билээ. Тиймээс та бүхнийг шинэ зууны хүүхдүүдийг судлаж, Монгол хүүхдүүдэд тохирсон сургалт, хүмүүжлийн шинэ арга барил боловсруулах энэхүү судалгааг дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Манай хаяг: Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын зүүн урд талд, “Тэрх цагаан нуур” компанийн байрны 4р давхарт “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв
Утас: 9915-8825, 8817-7575, 8891-7140

Nov 18, 2010

"Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд" сургалт амжилттай зохион байгуулагдаж байна


Индиго хүүхдийн хөгжлийн төвөөс санаачлан сургууль, цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдэд зориулан явуулж буй "Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд" сургалтын аян амжилттай зохион байгуулагдсаар байна.

Тус аяны хамгийн анхны сургалтыг өөрийн байгууллага дээрээ зохион байгуулан, эцэг эхчүүддээ хүргэж чадсан Чингэлтэй дүүргийн 23р сургууль болон Чингэлтэй дүүргийн тэргүүний 9 р цэцэрлэгийн багш, аргазүйч, эрхлэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

"Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд" сургалтын аян Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн бүх арван жилийн бага сургуулийн нэг бүлгийн эцэг эхчүүдэд зориулагдан явагдаж байна.

Nov 15, 2010

"Ирээдүйн эзэд" клубын Өсвөр насныхны уулзалт






Хүний хоёр дахь, дахин төрөлтийн үе гэгддэг өсвөр үе бол өөрийгөө олох, өөрийгөө болон амьдралын утга учир, үнэ цэнийг таньж мэдэх, улмаар үзэл бодол, үнэт зүйл нь төлөвших хамгийн чухал үе билээ.
Бид өсвөр насны хүүхдүүдийн дээрх хэрэгцээг хангах үүднээс "Ирээдүйн эзэд" клубыг ажиллуулж байгаа бөгөөд тус клубын өсвөр насны гишүүдийн анхны уулзалт 2010.11.13 нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд оролцогчид хоорондоо танилцан, "Амьдрал" гэж чухам юу вэ? "Хүн юуны төлөө, яах гэж амьдардаг вэ" гэсэн асуултын дагуу өөрсдийн үзэл бодлоо хуваалцан, хүний дотоод хүч чадал, хүнд буй нөөц боломжийн тухай богино видео үзэж, ярилцан, улмаар хоёр баг болон оюуны тоглоомоор тоглон, нэг өдрийг баяр хөөртэй, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлцгээлээ.

"ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубын 9 - 12 насны буюу ӨСВӨР НАСНЫ гишүүдийн уулзалт Бямба гараг бүрийн 15 цагт, ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв дээр болно. Сонирхсон хүмүүс 8817 7575 утсаар лавлана уу?

Nov 7, 2010

ИРЭЭДҮЙН ЭЗЭД хүүхдийн хөгжлийн клубын уулзалт амжилттай боллоо...

ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь хүүхдүүдэд зориулсан "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" хүүхдийн хөгжлийн клубтэй бөгөөд, тэдэнд найз нөхдийн орчин хүрээллийг бэлтгэж өгөх, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй болгон төлөвшүүлэх зорилготой.

"Ирээдүйн эзэд" клубын хувьд "3-5 нас" буюу сургуулийн өмнөх нас, "6-8 нас буюу сургуулийн бага нас", "9-12 нас" буюу өсвөр нас гэсэн гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


2010.11.06-ны Бямба гарагт сургуулийн бага насныхны уулзалт, өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт хөтөлбөрт 23-р сургуулийн 1-р ангийнхан ирж оролцлоо.




Клубын уулзалтанд оролцогчид өөрсдийгөө танилцуулан, хүсэл мөрөөдлөө найзуудтайгаа хуваалцаж, сургамжтай богино кино үзэж ярилцан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг картан тоглоомоор тоглож, олон янзын сонирхолтой оюуны болон биеийн авхаалж самбаа, хурд хүч шаардсан тоглоомоор тоглон оюун ухаанаа тэлэхийн сацуу биеийн чилээгээ ч гаргацгаалаа. Энэхүү уулзалтанд хүүхдүүдээ оролцуулсан эцэг эхчүүд сэтгэл өндөр байсан ба, сургуулийн бага насны хүүхдүүдийн дараагийн уулзалт буюу 2010.11.20-ны 13 цагаас болох уулзалт хөтөлбөрт хүүхдүүдээ оролцуулахаар боллоо.

Ирэх долоо хоногийн хагассайн өдөр буюу 2010.11.13-ны өдөр, 13 цагаас 9-12 нас буюу өсвөр насныхны уулзалт, хөтөлбөр болох тул сонирхсон хүүхдүүдийг хүрэлцэн ирэхийг уръж байна. Та бүхэн найз нөхдийн хүрээгээ тэлж, өөрийн сонирхсон сэдвээр үзэл бодлоо хуваалцаж, өөрт хэрэгтэй мэдээлэл сонсч, оюуны тоглоомоор тоглон оюун ухаанаа нэмэгдүүлж, амралтын өдрөө илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл манай уулзалтанд ирээрэй.
Жич: Энэхүү уулзалт өсвөр насныханд зориулсан анхны уулзалт учир Индиго төвөөс бүх зардлыг төлсөн болно.

Oct 31, 2010

Уран охин Д.Энхжин Индиго төв дээр...




Индиго хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүүхдийн далд хүсэл сонирхлыг нээн илрүүлэх зорилгоор бүхий л төрлийн ажил мэргэжил, авьяас чадвар бүхий хүмүүсийг уръж, хүүхдүүдтэйгээ уулзуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.

2010.10.30 ны Бямба гарагт, ШУТИС н оюутан, хатгамал болон шүрэн урлал хийдэг, авьяаслаг охин Д.Энхжин Индиго төв дээр хүрэлцэн ирлээ. Тэрээр бяцхан дүү нартаа хэлхдэг тоглоомоор, гоёлын даашинз хийж өмсөхийг санал болгосон ба, хүүхдүүд саналыг нь баяртайгаар хүлээн авч, хамтдаа даашинз хийж өмсөн загвар үзүүлцгээлээ...

Энэ өдөр хүүхдүүдийн маань бүтээлч ухаан тодорхой хэмжээгээр тэлсэн гэж итгэж байна. Эх орныхоо ирээдүйн эздийн төлөө санаа тавьж, үнэт цагаа зориулсан Энхжин дүүдээ баярлалаа.

Жич: Өөрийн ажил мэргэжлийн онцлог, сайхан болон хэцүү зүйлийн талаар хүүхдүүдэд тодорхой ойлголт өгч, тэдний танин мэдэхүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхэнд манай төвийн хаалга нээлттэй байх болно. Хүүхдүүдтэй ярилцаж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийнгээ өөрийгөө хүүхдийн ариухан энергиэр цэнэглэхийг хүсвэл хагас сайн өдөр болдог "Ирээдүйн эзэд" клубын уулзалтанд хүрэлцэн ирээрэй. Лавлах утас: 8817 7575

Oct 28, 2010

Хүүхдээ сэтгэлийн хаттай болгож өсгөөрэй


Хүүхэд нэг нас хүртлээ эцэг, эхийнхээ зөөлөн харц, халуун дулаан тэврэлт, дотно инээмсэглэл, сайхан үгс, бүүвэйн дуунаас хайрыг мэдэрч, хорвоо ертөнцөд итгэх итгэлээ олж авдаг бол, хоёр наснаасаа бусдыг ойлгож, эцэг, эх, болон найз нарынхаа сэтгэл хөдлөлийг хуваалцан, ХҮН болж төлөвших суурь тавигддаг ба зургаа хүртэл насанд сэтгэлийн хаттай болох, эс болох хандлага төлөвшдөг.

Тэд хоёр наснаасаа л баярлаж хөөрөх, гомдох, уйлах, аргадах, үнсэх, тэврэх гэх мэт сэтгэлийн үзэгдлүүдийг илүүтэй мэдэрч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай болж эхэлдэг. Тиймээс энэ үед нь бид хүний сэтгэлийн нандин, эмзэг мэдрэмжийг үр хүүхэддээ зөв мэдрүүлж суулгаж өгвөөс хүүхдүүд маань ирээдүйд өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, бусдыг ойлгодог, мэдрэмж сайтай хүн болж чадна. Эцэг, эхчүүд бид хүүхдүүдээ жоохон байна, юу ч ойлгохгүй гэж мунхаглан өөрсдийн сэтгэлийн үзэгдлүүдийг тайлбарлан таниулаагүйгээс болоод хүүхдүүд маань “Баярлалаа”, “Уучлаарай”, “За”, “Ойлголоо” гэх мэт үгсийг сэтгэлээсээ бус зүгээр хэлээд сурчихвал, дараа бусдыг албаар гомдоочихоод зүгээр л уучлаарай гээд хэлчихэд болчихдог юм шиг санах болно. Тэдэнд хүнийг хайрлах, өрөвдөх, хүнээр бахархах, хүнийг хайрлах сэтгэлийн хөдөлгөөнөө, нүүрний хувирал, үгийн өнгө аяс, харцтайгаа хамт мэдрүүлж өсгөх нь чухал. Ийм учир, бид өөрсдийн амьдралд тохиолдож буй зүйлсдээ чин сэтгэлээсээ хандаж, уйлах, уурлах, гомдох, уучлах, баярлах сэтгэлийн хөдлөлөө хүүхэдтэйгээ хуваалцан,ээжид нь яг одоо тийм зүйл тохиолдоод байгаа учир ... ээж нь ингэчихлээ, ээжийнх нь сэтгэл ... байна, хүний амьдралд сайн, муу олон зүйл тохиолддог гэх мэтчилэн ярилцдаг байвал хүүхэд тань таны сэтгэл хөдлөлийг мэдэрч улмаар бусдын жаргал, зовлон, сайн муу зүйлийн талаар ойлголттой болж, бусдад сэтгэл тавиж чаддаг, бусдыг ойлгодог, сэтгэл хөдлөлдөө бүтээлч хандаж чаддаг хүн болон төлөвшиж чадна.

Түүнчлэн хүүхэддээ, амьдралын дүр төрхийг бодитоор мэдрүүлж, хүний амьдрал байнга аз жаргалаар бялхдаггүй, тодорхой хэмжээний бэрхшээл, зовлон гуниг тохиолддог. Түүнийг хэрхэн давж чадсанаас хүний амьдрал шалтгаалдаг болохыг хүүхдэдээ багаас нь ойлгуулахын тулд өөрийн уйтгар, гунигийг ч мэдрүүлж өсгөх нь чухал. Улмаар цэцэгс цаг нь болохоор саадгүй ургадаг, бүх зүйл түр зуурынх байдаг, үүл гарч нарыг халхалсан ч мөнхөд халхалж чадахгүй гэх мэтээр тайлбарлан, аливаа сайн сайханд хүрэхэд бэрхшээл заавал тохиолддог, гэхдээ бэрхшээл гэдэг давж болох зүйл гэдгийг хүүхдүүддээ тайлбарлан таниулж өсгөвөл хүүхдүүд маань аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлийн хаттай болж өснө.

Oct 26, 2010

Би Би- н мэдээтэй хамтарч ажиллахыг урьж байна


Би Би- н мэдээ булантай хамтарч ажиллах боломж:

Би Би- н мэдээ булан нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллагауудын үйл ажиллагааны талаарх цаг үеийн болон ойрын ирээдүйд болох мэдээ мэдээллийг хүүхдүүддээ хүргэх зорилготой.

Тиймээс хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудыг Би Би- н мэдээтэй хамтарч ажиллахыг урьж байна. Үүнд:
хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хүүхдүүдэд зориулж секц дугуйлан хичээллүүлдэг, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, хүүхдүүдэд зориулж шинэ үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлсэн, шинэ ном зохиол хэвлүүлсэн, шинэ тоглоом наадгайг хийж бүтээсэн, эсвэл худалдан борлуулдаг, хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж буй байгууллага зэрэг хүүхдийн гэх тодотголтой бүхий л чиглэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ явуулдаг байгууллагуудын талаарх танилцуулга, тэдний зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг indigo_tuv@yahoo.com хаягаар байнга авч байна.

Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан уралдаан тэмцээний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хүүхдийнхээ оюун ухааныг олон талаар хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийг "Индиго хүүхдийн цогц хөгжлийн төв" ийн indigo_tuv@yahoo.com мэйл хаягаар буюу 88177575 дугаарын утсаар бүртгүүлэхийг урьж байна.

Oct 24, 2010

БиБи- тэй хамт хүүхдийн нэвтрүүлэг

"Бидний мөрөөдөл" ТББ, "HD" продакшн болон "ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төв хамтран "БиБи-тэй хамт" хүүхдийн нэвтрүүлгийг санаачлан, nTV-гээр гаргахад бэлэн болоод байна.



"БиБи-тэй хамт" нэвтрүүлгийн зорилго:
Хүүхэд багачуудад өөрийн гэсэн хүндэлдэг баатрыг бий болгож, түүгээр дамжуулан зан чанар, ёс суртахууны төлөвшил олгон, зорилго тэмүүлэлтэй, ёс зүйтэй бие хүн болж төлөвшихөд нь туслах.






"БиБи-тэй хамт" нэвтрүүлгийн агуулга:
1.БиБи-н мэдээ: а.Хүүхдүүдэд зориулагдсан цаг үеийн болон ойрын ирээдүйн мэдээ мэдээлэл.
б.Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, тэдний үйл ажиллагааны танилцуулга

2.БиБи-н дасгалын цаг.


Жич: 4-с дээш насны үзэгч хүүхдүүд Индиго хүүхдийн хөгжлийн төвд бүртгүүлэн дасгалын цагаар БиБи-тэйгээ хамт дасгал хийх боломжтой. Утас:88177575





3.БиБи-н индэр:
а.Хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөө найзуудтайгаа хуваалцан, ирээдүйд ямар хүн болж, юу хийх тухайгаа ярих.
б.Хүүхдүүд эцэг эх, багш, ах эгч, аав ээжийн ажлын газрын дарга,ерөнхийлөгч гэх мэт хүссэн хүмүүстээ хандан өөрийн санал хүсэлт, талархал, гомдол, өөрт таалагдаж байгаа болон таалагдахгүй байгаа нийгмийн үзэгдлүүдийн талаарх сэтгэлийн үгээ олон нийтэд хүргэх боломжтой.

4.БиБи-н үлгэрийн цаг:
Хүүхдийн хөгжил, төлөвшилд тустай үлгэр, өгүүллэгүүдийг комикс хэлбэрээр хүргэнэ.


УРИЛГА: Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон "БиБи-н индэр", "БиБи-н дасгалын цаг"- булангуудаар орж, хайртай баатартайгаа хамт зурагаа авахуулахыг хүссэн хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг уръж байна.

Бүртгэл явагдах хаяг: Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын зүүн урд талд, Тэрх цагаан нуур компанийн байрны дөрвөн давхарт, ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв. Утас:88177575

Oct 20, 2010

Сайхан гэр бүлийн зарчим ("Индиго" төвөөс бүтээв)

"Индиго" шинэ зууны хүүхдийн хөгжлийн төвөөс сайхан гэр бүлийг цогцлоон босгож аз жаргалтай амьдрахыг хүсэж буй эрхэм танд \Монгол гэр бүлүүдэд\ зориулж энэхүү аудио зөвлөмжийг бүтээлээ. Энэхүү зөвлөмжийг үлгэр жишээ сайхан гэр бүлүүдийн туршлага, ухаанд тулгуурлан 2 жилийн турш боловсруулсан билээ.

САЙХАН ГЭР БҮЛИЙН ЗАРЧИМ

Oct 17, 2010

"Шинэ зууны хүүхдийг хүмүүжүүлэх арга барил" сургалтыг 10 р сарын18 наас 31 ныг хүртэл зохион байгуулана



ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвөөс санаачлан ЕБС уудын бага ангийн хүүхдийн эцэг эхчүүдэд зориулж "Шинэ зууны хүүхдийг хүмүүжүүлэх арга барил" сургалтыг 2010.10.18 аас 10.31 ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын агуулга:
Шинэ зууны хүүхдийн онцлог, тэдний давуу сул талууд
Эцэг эх бидний хүүхэд хүмүүжүүлэх хандлага, тэдгээрийн үр дагаварууд





Багш, сургалтын байгууллага, эцэг эх хоорондын хамтын үйл ажиллагааг сайжруулан, улмаар хүүхдийн сурч хөгжиж буй ил болоод далд орчин нөхцлийг сайжруулахыг хүссэн багш, нийгмийн ажилтнуудыг хамтарч ажиллахыг уръж байна.

Харилцах утас:88177575

Бид оюун ухааны EQ, CQ, DQ үзүүлэлтүүдийг илүүд үздэг



Хүмүүс бидний ихэнх маань оюун ухааныг IQ гэдэг нэг хэмжүүрээр хэмжиж ирсэн. Түүнчлэн хүүхэддээ багаас нь гадаад хэлийг эзэмшүүлэхийг оролдоцгоодог... Эх хэлээ төгс эзэмшиж, эх хэлээрээ сэтгэж сураагүй байхад нь харийн хэл зааж, хялбархан сурч байна хэмээн үзэгдэлд хууртаж, мөн чанарыг орхигдуулсаар ирсэн. Үүнийг би сонголтгүй сонголт гэж ойлгодог.

Тэгвэл өнөө цагт Multiple Intelligence буюу Олон талт оюун ухааны онолын асуудал ихээр яригдаж байна. Учир нь хүний оюун ухаан гэдэг бие биеэсээ харилцан хамааралтай олон оюунаас бүрддэг бөгөөд тэдгээр оюуны чадвар тус бүрдээ хүмүүс бидний сайн сайхан амьдралд өөр өөрийн онцлогтойгоор үйлчилж, нөлөөлж байдаг.

Бид бүгд амьдрал дээр ухаантай мөртлөө дорой буурай амьдардаг, мэргэжилдээ чадварлаг боловч гэр бүлдээ асуудалтай, олон талаар гүн сэтгэдэг боловч ганцаардсан аз жаргалгүй гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд буй олон хүмүүсийг мэддэг. Тэдний алдаа юу вэ?

Хүн бүхэн төгс байх шаардлагагүй... Хүн бүхний үнэт зүйл, үзэл бодол, сэтгэл ханамж өөр өөр байдаг. Гэвч хүн бүхэн сонголтгүй сонголтоор бус, олон талын мэдлэг, олон талын ойлголтыг авч, олон сонголтоос хүссэнээ сонгож амьдрах учиртай. Хүүхэд бүхэн амьдралын зорилготой төрдөг гэж би итгэдэг. Тиймээс хүүхэд бүхнийг амьдралын зорилгодоо хүрч, үнэ цэнэтэй сайн сайхан аз жаргалтай амьдралыг бүтээлгэхийн тулд оюун ухааны дараах чадваруудыг онцлон хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд:

Emotional Quotient– Сэтгэл хөдлөлийн ухаан



- EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
- EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

CQ – Creative Quotient – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч ухаан

- Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
- Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

CQ – ийн үндсэн чадварууд

- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

AQ - Adversity Quotient

Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

AQ-ийн үндсэн чадварууд

- Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
- Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
- Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
- Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

BQ – Bonding Quotient

Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

BQ-г яаж дээшлүүлэх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

DQ – Development Quotient

Development – Хөгжил дэвшил

Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

SQ – Spiritual Quotient

Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

MQ – Moral Quotient

Moral – Ёс суртахуун

Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

Ёс суртахууны чадварууд

- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь хүүхэд багачуудынхаа оюун ухаан, сэтгэлгээг олон талаар хөгжүүлснээр хүн бүхэн өөр өөрсдийн онцлогийг мэдэж, хүн бүхэн өөр өөр авьяас чадвартай, өөр өөр хүсэл зорилготой, өөр өөр ертөнцүүд байдгийг ойлгон, өөрийгөө зөв үнэлэн, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой байж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсгөх бодлоготой хичээнгүйлэн ажиллаж байна.

Эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг, үнэт зөвлөгөө, зөвлөмжөө өгөхийг хүссэн, хамтарч ажиллах саналтай байгууллага, хувь хүн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад хэзээд бэлхэн.

ИНДИГО төвийн хүүхдүүдийн хөгжих орчин нөхцөл

50 орчим нэр төрлийн оюуны болон бие бялдар хөгжүүлэх тоглоомууд...
Тав тухтай, тааламжтай сайхан орчин нөхцөл...
Багш хамт олны халуун дулаан харилцаа, хандлага... Энэ бүгд нэг дор цогцоллоо.








Oct 5, 2010

"Индиго" шинэ зууны хүүхдийн хөгжлийн төвийн тухай нэвтрүүлэг

"Индиго" шинэ зууны хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч Ж.Хорлоо багш "Лавайн эгшиг" ФМ 97,5-ын "Ярилцах цаг" нэвтрүүлэгт оролцлоо. Уг нэвтрүүлгээр төвийн сургалтын хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Sep 28, 2010

"ИНДИГО" ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болж бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдан ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ болон КЛУБЫН СИСТЕМ гэсэн хоёр үндсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөртэй өдөр өнжүүлэх болон “Ирээдүйн эзэд” клубын гишүүн болохыг уръж байна.

ИНДИГО-той хамт эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД-ийг БЭЛТГЭЦГЭЭЕ!

Бүртгэл өдөр бүр явагдаж байна.

Утас: 88177575, 99158825
Ц-шуудан: indigo_tuv@yahoo.com
Хаяг: Ялалтын талбай, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны урд, "Тэрх цагаан нуур" компанийн байрны 4-р давхар.
Блог: http://indigohuuhed.blogspot.com/

ИНДИГО төвийн бүртгэл эхэллээ



ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн нээлт 2010.09.25 ны 17 цагаас амжилттай болж өндөрлөлөө.
Тус төв нь цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй Өдөр өнжүүлэх болон Ирээдүйн эзэд клубтээ хүүхдүүдээ бүртгэж эхэллээ.

Цогц хөгжлийн хөтөлбөрийн хувьд хүүхдийг багшийн удирдлаган дор баг болгон оюуны тоглоом, наадмаар тоглох явцад нь үгэн ухаан, дүрслэлт ухаан, логик ухаан, бүтээлч ухаан, биеийн ухаан, сэтгэл хөдлөлийн ухаан зэрэг хүний амьдралын хамгийн чухал зургаан ухааныг нь хөгжүүлэхээс гадна, өөртөө итгэх, багаар ажиллах, харилцааны чадварууд, ёс суртахуун, зан чанарыг төлөвшүүлнэ.

Ирээдүйн эзэд клубын гишүүн 3 аас 5 насны хүүхдүүдийн хувьд 14 хоногтоо нэг удаа олон талт оюун ухааныг хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, улмаар тэдний өсч төлөвших орчин нөхцлийг бүрдүүлж буй өсвөр насны ах эгч болон, оюутан ах эгч нар, эцэг эх, асран хамгаалагч нарт нь сард нэг удаа тус бүр сэтгэлзүйн онцлог хийгээд, бага насны хүүхэдтэй хэрхэн харьцах, хэрхэн ямар хандлагаар өсгөж төлөвшүүлэх зэрэг хүүхэд, дүү нартайгаа харьцах харилцааны арга барил олгох, хувь хүний хөгжлийн сургалтанд хамруулна.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд Ирээдүйн эзэд клубын гишүүн болсноор сард нэг одоо "ӨӨРИЙГӨӨ ОЛОХУЙ" сургалтанд хамрагдах, Сард нэг удаа клубын найзуудтайгаа чөлөөт хөтөлбөрт хамрагдах, эцэг эх нь сард нэг удаа хүний хөгжлийн болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил олгох сургалтанд хамрагдаж байх юм.

Ингээд та бүхнийг ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвдөө уръж байна. Лавлах утас: 88177575

ИНДИГО той хамт ИРЭЭДҮЙН ЭЗЭД ийг төлөвшүүлцгээе.

Sep 27, 2010

ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн нээлт амжилттай болж өндөрлөлөө

Удтал хүлээсний эцэст ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн нээлт 2010 оны 09 р сарын 25 ны 17 цагаас амжилттай болж өндөрлөлөө.



ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулагчид: Хүүхдийн эмч О.Алимаа, Сурган хүмүүжүүлэх ухааны магистрант Ж.Хорлоо.













Цаг заваа зохицуулан нээлтэнд оролцсон болон нээлтийн бэлтгэл ажил, арын ажилд сэтгэл гарган тусласан нийт найз нөхөд, ах эгч, хамаатан садан болон Хөгжил клубын идэвхтэн гишүүд, хайрт дүү нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ИНДИГО төв та бүхний ИТГЭЛ ээр жигүүр хийж сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн ажиллах болно. Хүүхдийн цэвэр ариун сэтгэл зүрхийг нандигнан хадгалж, өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй, амьдралын зорилготой, үнэ цэнэтэй Монгол хүмүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхээ амлаж байна.

Sep 14, 2010

ИНДИГО төвийн өрөөнүүдийн засварын ажил амжилттай явагдаж байна



ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн өрөөнүүдийн засварын ажил амжилттай явагдаж байгаа боловч дуусах арай л болоогүй учир нээлтээ 25 нд хийхээр хойшлууллаа. Бүртгүүлсэн хүмүүсээсээ хүлцэл өчье.


Индиго төврүү орох үүдэн хэсгийн зураг. 2010.09.14

Sep 1, 2010

Хүүхдийн дөрвөн асуудал дөрвөн боломж боллоо




ИНДИГО шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв нь хүүхдүүдийн ДӨРВӨН АСУУДАЛ-ыг ДӨРВӨН БОЛОМЖ болгоно.

“Индиго” шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болон бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдан өдөр өнжүүлэх болон клубын систем гэсэн хоёр үндсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах гэж байна.

Бидний хүүхдүүдэд элбэг тохиолддог ДӨРВӨН АСУУДАЛ юу вэ?

1. Эцэг, эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ судалдаггүй, төрөлх зан араншин, хүүхдийн хүсэл сонирхлыг хүндэтгэдэггүй, шинэ зууны хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барил байдаггүй. Бараг л хүүхэдтэйгээ адилхан аашилж, хүүхдээ уурлахаар нь өөрөө уурлаж, зөрүүдлэхээр нь өөрөө зөрүүдэлж, ажил ихтэйгээрээ шалтаглаж бага ярилцаж, юм хийх гэхэд нь “болохгүй”, “чадахгүй” хэмээн хориглож, буруу зөв, сайн муугийн ойлголтыг өгөөгүй, тэр тухай ярилцдаггүй мөртлөө зэмлэж, тэнэг мулгуугаар нь дууддаг... Энэ бүхэн хүүхдийн хувьд хамгийн том асуудал бөгөөд хүүхэд аз жаргалгүй, сэтгэхгүй, ажлаас хойш суусан, хүсэл тэмүүлэлгүй амьтан болж хувирдаг.
2. Өнөөгийн хотжилт, хуурайшилт, тоосжилт, агаарын бохирдол, хүнс тэжээл, амьдралын хэв маяг, хүүхдүүдийн эрүүл мэндийн дадал хэвшил муу зэрэг олон учир шалтгаанаас улбаалан хүүхдийн эрүүл мэндэд олон асуудлууд үүсч байна. Тухайлбал хүүхдийн биед маш олон янзын шимэгчид үүрлэн амьдарч байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн анхаарал тогтворгүй болж, хэт их хөдөлгөөнтэй болон годгонож, уур уцаартай болох, хэт турах гэх мэт олон асуудлууд үүсдэг.
3. Хүүхдийн зан чанар, хандлагад нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл, түүнийг тойрон амьдарч буй аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар байдаг. Хэдийгээр хүүхэд боловсролын байгууллагаас маш олон хэрэгтэй, зөв зүйлийг сонсож, өсөж хөгжиж байгаа ч гэсэн тэдний хувьд хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчин бол гэр бүл нь байдаг. Тиймээс шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харьцах аргаа мэддэггүй, өөрсдийхөө тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан харьцдаг ах эгч, эцэг эх, эмээ өвөө нарын буруу, туйлширсан харилцаа хожим маш том асуудлыг үүсгэдэг.
4. Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бага нас, өсвөр нас, залуу нас, жирэмсэн үе, залуу гэр бүл зэрэг хүний амьдралын тодорхой нэг мөчлөг тус бүрт харилцан ялгаатайгаар тохиолддог сэтгэлзүйн хямрал болон асуудал бэрхшээлд хүүхдээ бэлтгэдэггүй, тэр талын мэдлэг хомс байдагтай холбоотой олон асуудлууд үүсдэг.

Тэгвэл дээрх дөрвөн асуудлыг шийдвэрлэж, та болон таны хүүхэд, гэр бүлийн тань байнгын зөвлөх, үнэнч, дотны анд тань байж асуудлыг тань шийдвэрлэж, амжилтыг тань хамт тэмдэглэхээр ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв үүдээ нээн уръж байна.

ИНДИГО шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв та бүхэнд дараах ДӨРВӨН БОЛОМЖ-ийг олгож байна.

1. Хүүхдийг багшийн удирдлаган дор, баг болгон, олон янзын оюуны тоглоомоор, баяр жаргалтайгаар тоглох явцдаа хөгжих цоо шинэ цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх. /3-5нас, 6-9нас/
2. Хүүхэд бүрийг ОХУ-н хамгийн сүүлийн үеийн аурагаар, эсийн түвшинд оношилдог аппаратаар үзлэг оношилгоонд хамруулан, зөвлөгөө өгч, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах.
3. Хүүхдийн зан чанар, харилцаа, хандлага, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлж байдаг эцэг эх, өсвөр насны болон оюутан ах эгч, асран хүмүүжүүлэгч нарыг нь сар бүр хүний хөгжлийн болон шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх арга барилыг санал болгосон лекц сургалтанд хамруулах.
4. Хүүхдийн тань бага насанд төдийгүй өсвөр нас, залуу насны чухал, хэрэгцээтэй үеүдэд нь хамт байж, сэтгэлзүйн өөрчлөлт, өсөлт хөгжилд нь тохирсон сургалт хөтөлбөртөө хамруулж байх клубын системийг тус тус санал болгож байна.

Та бүхнийг 2010.09.25 нд болох ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн нээлтэнд оролцон, тус төвийн Хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөртэй өдөр өнжүүлэх болон Ирээдүйн эзэд клубын гишүүн болохыг уръж байна.

ИНДИГО-той хамт эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД-ийг БЭЛТГЭЦГЭЭЕ!

Apr 18, 2010

ИНДИГО төв хүүхдийн тань ДОТНЫ ЗӨВЛӨХ


Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол орчин нөхцөл, ойр дотны болон орчин тойрны хүмүүсийн харилцаа, хандлага.

Тиймээс бид хүүхдийг хамгийн сайн сайхнаараа өсч хөгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх үүднээс эхийн хэвлийд буй үеэс нь анхаарал тавин ажиллахаас гадна, бяцхан хүүхэдтэй хамт өсч хөгжиж буй, харилцаа, хандлагаараа түүний зан чанар болон бусад төлөвшилд шууд нөлөө үзүүлдэг өсвөр насны болон залуу ах эгч, аав ээжид нь тус бүрийн онцлогтой холбоотой сургалтыг явуулж, клубын системээр байнгын тасралтгүй хөтөлбөр үйл ажиллагаагаар дамжуулан нягт уялдаатай хамтарч ажиллах болно /бид 2008 онд "ХӨГЖИЛ" хүний хөгжлийн төвийг нээн, өнөөг хүртэл өсвөр насныхан болон залуусыг хөгжүүлэх олон талын сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн туршлагатай/.

Түүнчлэн бид "ИНДИГО" төвд хандсан хүүхэд бүхэнтэйгээ "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж, бие, хэл, сэтгэлийн хүчийг нь сэлбэж байхаас гадна, амьдралын чухал үе болох өсвөр нас, залуу насан дээр нь ч хамт байж, сургалт, хөтөлбөртөө хамруулан, ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ болон ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭД болтол нь хамт байх байнгын холбоо харилцааг ИТГЭЛ дүүрэн санал болгож байна.

Бидэнд итгэж, биднийг сонгон үйлчлүүлсэнд талархлаа. Та сэтгэл дүүрэн байж болно.

"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төв
indigo_tuv@yahoo.com

Jan 27, 2010

1-2 насны хүүхдийн онцлог, харьцах арга


Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог, хоолоо идээд аягаа аваачаад тавих гэхэд нь хагалчихна гэж хориглодог, оймсоо өмсөх гэхэд нь удна, цэцэрлэгээсээ хожигдчихно гээд ээж нь өөрөө шүүрч аваад өмсүүлдэг, шүүр бариад шал цэвэрлэх гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор юм хийх гэж тэмүүлж байгаа сэдэл тэмүүллийг нь унтраачихдаг. Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор тэрхүү дадал хэвшлийг суулгаагүй учир 5, 6 насандаа юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү эцэг эх нь –манай хүүхэд гэж залхуу юм гэж хүүхэдрүүгээ бурууг тохдог боловч түүнийг залхууруу түлхсэн нь өөрсдөө гэдгийгээ ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насан дээрх онцлогийн талаар мэдлэгтэй болж, юм мэдэж хүүхэдтэйгээ харьцдаг байгаасай гэж хүсч байна. Ингээд 1-2 насны хүүхдийн онцлог:
1 нас 3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 6 сар
Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
2 нас
Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 - 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 - 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Жишээлбэл: хүүхдэдээ оймсоо өмсөх цаг гаргаж, өглөө эрт босцгоох, шалны алчуур бариад шээсээ арчих гэхэд нь муухай, баа баа гэх биш, арчуулчихаад дараа нь гарыг нь өөрөө угаачих хэрэгтэй ингэж чадвал бид хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.

Jan 26, 2010

Итгэх, үл итгэхийн суурь тавигдах үе


Нярай хүүхдийн амьдралд хүний ойр дотно харилцаа ус агаар мэт хэрэгтэй учраас тэднийг өдөрт хэд хэдэн удаа тэвэрч, инээмсэглэн харж, энхрийлэн хөхүүлж, бүүвэйлэн ярилцаж байх нь чухал.
Судлаач Э.Эриксоны үзэж байгаагаар 0-1 насны үед хүүхдэд хүрээлж буй ертөнцөд итгэх эсвэл үл итгэх хандлагын суурь тавигдаж эхэлдэг байна. Энэ нь юуны түрүүнд түүний ээжийн сэтгэл санаа, хүрээлэн буй орчин нь хэр зэрэг амгалан тайван, аятай байгаагаас шалтгаалдаг ажээ. Хэрвээ энэ үед ээжийн сэтгэл санаа тайван байвал хүүхдэд ертөнцөд итгэх хандлагын суурь бий болдог байна. Харин энэ үед ээжийн сэтгэл санаа тайван бус байвал хүүхдэд ертөнцөд үл итгэх хандлагын суурь бий болох сөрөг талтай. Энэ нь түүний цаашдын хөгжилд тодорхой хэмжээний сөрөг үр дагаврыг бий болгох тул анхаарууштай.
Сэтгэцийн хөгжлийн хувьд 0-1 насанд хүүхдийн хүртэхүй хөгжих таатай үе бөгөөд “70 чавганцын ажил” хийж юмсын шинж чанарыг таних процесс идэвхитэй явагддаг. Тиймээс харсан бүхнээ барьж үзэх, амандаа үмхэх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч эцэг эхчүүд - наадах чинь муухай, үмхэж болохгүй, - битгий... хагалчихна, - хүүе болохгүй гэх мэт “болохгүй”, “болохгүй” гэж баахан л болохгүйг ярьж, өсөж хөгжиж буй ой ухаанд нь болохгүйн үрийг суулгадаг. Энэ нь хүүхдэд багаас нь болохгүй, бүтэхгүй, би чадахгүй гэсэн өөртөө үл итгэх үзлийг төлөвшүүлэх үндэс болж өгдөг. Тэгвэл энэ насан дээр нь хүүхэд барьж болохооргүй, хагарах зүйл байвал түүний гар хүрэхгүй газар тавих /бүр дээр/, муухай үмхэж болохооргүй тоглоомыг нь угааж цэвэрлэх, хүүхдийн өрөөг байнга цэвэрхэн байлгах, гарыг тогтмол угаан, барьсан зүйлээ чөлөөтэй үзэн, үмхэх, харах боломж олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ хүнд таалагдах гэж биш хүүхдэдээ тохиромжтойгоор эд зүйлсээ байрлуулах, хүрч болохгүй зүйлийг хураах зэрэг арга хэмжээ авсан нь дээр. Таны хүүхэд хүссэнээ авч үзэж, харж, үмхэх нь хүүхдийн тань хөгжилд сайнаар нөлөөлнө. Тийм учир хүүхдийн шууд хүртэн мэдрэх үйлийг нь зөв зохион байгуулан таван мэдрэхүйн /харах, сонсох, үнэрлэх, амтлах, шүргэх/ хөгжилд онцгой анхаарах нь зүйтэй.

Jan 20, 2010

"Булчинлаг оюун" хөтөлбөр


"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь "Булчинлаг оюун" хөтөлбөр юм.
Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
5.Биеийн ухаан
6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.

Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.

Жич: "Булчинлаг оюун" хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.

Таныг хүүхэдтэйгээ хүрэлцэн ирэхийг уръж байна. Бидэнтэй холбогдох утас: 9915-8825

Jan 18, 2010

"ИНДИГО" нэрний учир


"Индиго" гэдэг бол шинэ эриний хүүхдүүдийн онцлогтой холбоотой нэр. Учир нь 1980-аад оноос хойш төрж буй зарим хүүхдүүд, 2000 оноос хойш төрж буй ихэнх хүүхдүүдийн гэрлэн бие /аура/ нь нил хөх туяатай бөгөөд тэд бусад хүүхдүүдээс илүү ухаантай, хэрсүү, төрөлхийн мөн чанар нь үнэнч шударга, муу зүйлийг тэвчдэггүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилготой хүмүүс төрж байгааг нэлээд олон орны эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Манай төв нь Монголын хүүхэд бүхэн ХҮН шиг ХҮН болон төлөвшиж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, төрөлхөөс заяасан хэрсүү, онцлог чанараа улам бүр хөгжүүлэн цэцэглүүлж, амьдралын зорилгодоо хүрээсэй, Эх орноо хөгжүүлээсэй, Эх дэлхийгээ авраасай гэсэн үүднээс энэхүү нэрээр нэрлэх болсон билээ.

Бид индиго хүүхдүүдийн онцлог болоод тэдэнтэй хэрхэн харилцах тухай мэдүүштэй зүйлсийг энэхүү блогтоо нийтэлж байх болно.

Жич: Эрхэм та Индиго хүүхдийн тухай илүү сонирхохыг хүсвэл "Индиго буюу Гасан хүүхэд" цуврал номноос тодруулж уншиж болно.