Feb 27, 2011

Аав, ээжүүдийн толгойг гашилгадаг асуултууд

Монголчууд бид хүүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг хамгийн эмзэг үе шилжилтийн насанд эзэнгүй шахам орхидог тухай дээр өгүүлсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Манай сэтгүү­лээс хавтасны сэдвийн хүрээнд шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Энэхүү асуул­туудад мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хариулснаа танд сонирхуулж байна. Магадгүй танай гэр бүлд ч гэсэн доорх ярвигтай асуудлууд тохиолддог байж болох юм.  


1. Манай найзууд их хэмжээний халаасны мөнгөтэй явдаг гэж хүү маань гомдоллоод байх юм. 16 настай хүүхдэд өнөө үед хэр их  мөнгө өгвөл тохиромжтой вэ?

  - Эцэг эхчүүд өөрсдийн орлогоос шалтгаалж хүүхдэдээ хэдэн төгрөг өгөхөө шийддэг. Бусад эцэг, эхчүүдийн хүүхдэдээ өгдөг мөнгөний хэмжээгээр жишиг тогтоож болохгүй. Хүү чинь тэр мөнгийг юунд зарцуулж бай­гааг анзаарахад гэмгүй шүү. Хэрэв өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг бол их мөнгө өгөөд  хэрэггүй. Хүүд чинь мөнгө хангалттай биш бол тэр өөрөө ажил хийж болно шүү дээ. Жишээ нь танай албан газар гар хурууны үзүүрт зарах, хүүхэд өлхөн хийчих чимхлүүр ажил гарч болох юм. Миний танилын нэг хүү аавынхаа үйлдвэрт сурталчилгааны мате­риал тарааж өгч хэдэн төгрөг авдгийг лав мэдэх юм байна. Харин гэртээ аяга таваг угаах, өрөө тасалгаагаа цэвэрлэх ажил мэдээж үнэ хөлстэй байж болохгүй. Зарим аав, ээжүүд “Чамайг тэрийг цэвэрлэчихвэл тэдэн төгрөг өгнө” гэж хэлдэг. Энэ бол огт буруу зүйл юм.

2. 12-той хүү минь өөртөө тун итгэлгүй. Өөрийнхөө байнгын эргэлзээ, сул талыг тэр хүчээр дарахыг оролддог. Бид түүнийг яаж өөрийн ухаантай, биеэ даасан хүн болгох вэ?

   - Миний бодлоор та хүүх­дийнхээ хэцүү асуудлыг өөрийнх нь өмнөөс нэг биш удаа шийдэж байсан байна. Энэ нь хэдийгээр сайхан ч гэсэн буруу зүйл.  Өөртөө итгэх итгэл нь хүүхэд өөрөө өөртөө итгэж сурахаас үүс­дэг. Эрх танхи өссөн хүүхэд шилжилтийн насандаа ирж, бие даасан байдлыг мэдэрч эхлэхээрээ ихэнхдээ айн тулгамд­даг. Та түүнийг спортоор “эмчилж” болно. Хэрэв хүү чинь багийн спортод тийм ч дуртай биш байвал ширээний теннис, шатар даам зэрэг ганцаарчилсан төрлийг санал болгох хэрэгтэй. Энэ нь түүнээс ихээхэн анхаарал, өөрийгөө хянах чадвар шаарддаг. Аль аль нь түүнд хэрэгтэй. Хүүдээ зуны амралтаар аав ээжгүйгээр ганцаараа ямар нэгэн зүйл хийх санал тавьж болно. Хэрэв тэр өөрөө сонговол бүр сайн.

3. Хөвгүүдийн шилжилтийн насанд эрэгтэй хүн хэр чухал нөлөөтэй вэ?

   - Эрэгтэй хүүхдэд эцэг хүн зайлшгүй нөлөөтэй байдаг. Хэн нэгэн эрэгтэй хүний үүрэг, роль байхгүй бол хөвгүүд 10-тайгаасаа эхлээд шилжилтийн насны хөгж­лийн бэрхшээлтэй болох нь бий. Хөвгүүд үүнийг мэдрээд зогсохгүй аавыг нь орлох хүнийг өөрийнхөө таньж мэдэх хүмүүс дотроос идэвхтэйгээр хайж эхэл­дэг. Хажуу айлын тэтгэвэртээ гарсан мужаанаас эхлээд цагдаа, эмч, багш нар дотроо хүртэл мөрөөдлийнхөө аавыг тэд эрсээр байдаг. Хамгийн тохиромжтой нь мэдээж гэрт нь байгаа эр хүн юм. Харин өрх толгойлсон эхчүүд ихэнхдээ эрчүүдтэй танил­цахаасаа айж, учир мэдэх болсон хүү нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэхээс эмээдэг. Аавыг нь орлох хүнд хөвгүүд харин ч дуртай байдаг.

4. Хүү маань шилжилтийн насандаа яваа. Хүүхдийнхээ сэтгэл санааны тогтвортой бус байдлыг анзаарахгүй өнгө­рөх үү, эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юу?

  - Хэрэв хүүгийн чинь сэтгэл санаа тогтворгүй байгаа бол тайван орхисон нь дээр. Дааврын өөрчлөлтөөс болж хүүхэд нь зөрүүд хөшүүн, сэтгэл санаа нь тав­гүй болдгийг олон эцэг эх ойлгодоггүй. Шилжилтийн насны нэг онцлог бол хүүхдүүд энэ үедээ ойлгогдохыг хүсдэггүй. Учир нь тэд өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Тэд ийм тогтворгүй үедээ тайван байхыг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүд зөв ойлгож, аль болох эв зүйгээр харьцахыг хичээгээрэй. Хүү чинь хэрэв хүсвэл ойрхон байгаарай. Харин хүсэхгүй байгаа бол зүгээр л ажигла.

5. Манай охин 14-тэй. Тэр дуучин Жастин Тэмберлэйкт үхтэлээ дурлачихаад түүнээс өөр хэнийг ч ингэж хайрлахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Үүнд ноцтой хандаж охинтойгоо энэ талаар ярих хэрэгтэй юу?

   - Одуудад шилжилтийн насны олон охид дурладаг. Хайртай хүндэлж явдаг дуучнаа мөрөөдөж, бодож яагаад болохгүй гэж. Үеийнх­нийх нь сонсох дуртай, бас дэлхий даяар од болсон царайлаг дуучин мэдээж хэрэг түүний хувьд хэнтэй ч зүйрлэмгүй харагдаж байгаа. Өөр нэгэн “бодит” Жастин Тэмберлэйк гарч иртэл түүнд охин чинь дурласаар байх болно. Та энэ байдалд, ялангуяа охиныхоо түүнд дурласан сэтгэлийг нь бодож ноцтой хандах хэрэггүй. Түүнийг шоолохгүйгээр сонсоорой. Та ингэснээрээ охиныхоо сэтгэл санааг ойлгох болно. Хэрэв та хүсвэл багадаа хэнд ингэтлээ дурлаж байснаа ч ярьж болно шүү дээ.

6. Хүү маань өдөржин компьютерийн өмнө сууж PC тоглож, эсвэл чааталж  ихэнх цагаа өнгөрөөдөг. Үүнийг нь болиулахын тулд би юу хийх ёстой вэ?

   - Хүүгээ юуг хамгийн сайн чадаж, юугаар бахархдагийг нь асуугаарай. Хэрэв түүний хариулт нь зөвхөн компьютертэй холбоотой байвал та даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Түүн­тэй энэ талаар ярилцаж болно. Хүүхдүүд ямар нэгэн даалгавар авч, түүнийгээ биелүүлж, өөрөөрөө бахархахыг хүсдэг. Харин амьдрал дээр тэдэнд ийм боломж олдохгүй бол үүнийг компьютерийн тоглоомоос авахыг чармайдаг байна.  

7. Манай хүү 15-тай. Найзуудтайгаа нийлээд ман­суу­руулах өвс (хортой өвс) татаж үзсэн тухай би өөр хүний амнаас сонслоо?

   - Мансууруулах өвсийг сонир­хож татах нь өсвөр насныхны дунд элбэг үзэгдэл. Та үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хүүдээ хар тамхины хор хөнөөл, хэрэв удаан хугацаагаар хэрэглэх юм бол тархины эд эсийг гэмтээдгийг ойлгуулаарай. Гэхдээ номлож тайлбарлах биш, харин “Чи бол ухаантай хүүхэд, энэ бол тун болчимгүй алхам. Ирээдүйгээ баллах зүйл хийхгүй байх аа гэж найдаж байна” гэхчлэн учирлаж ойлгуулаарай.  

8. 11 настай охин минь гэрийн ажил хийхээс байнга хойш суух юм. “Би яагаад дандаа аяга таваг угаах ёстой юм бэ?” гэж урдаас гөжүүдэлдэг. Түүнтэй энэ талаар ярилцах ёстой юу, эсвэл?

  - Бүх асуудалд заавал сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандах гэсний хэрэггүй. Хэрэв “Яагаад” гэдэг асуултдаа ухаалаг тайлбартай хариу хүлээх биш, эцэг эхээ удаан хугацаагаар тайлбарлуулж, хүнд байдалд оруу­лах гэсэн хүсэл эрмэлзэл нуугдаж байвал заримдаа “Тэгэх л ёстой болохоор” гэж хариулж болно. Хамгийн чухал нь шилжилтийн насны хүүхдэдээ эцэг, эх нь ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Үүнийг бас бичгээр ч хийж болно. Шилжилтийн насны хүүхдүүд гэрээ хийх дуртай байдаг. 11-12 насны хүүхдүүд гэр бүлдээ туслах хэрэг гарвал ямар мартамхай болдог гэж бодно. Хэрэв хоёр талаас зөвшилцөн тохиролцоонд хүрсэн л бол “Хийх ёстой л юм чинь” гэж бардам хариулж болно.

9. Дөнгөж 15 настай мөртлөө манай охин эсрэг хүйсийнхээ хүнийг харахаараа сонин авир гаргаж эхэлдэг. Биеийнхээ хөдөл­гөөнийг өөрчилж, яг л театрын тайзан дээр зог­сож байгаа юм шиг маяглах юм. Энэ нь эмэгтэй хүүх­дийн шилжилтийн насанд тохиолддог зүйл үү?

  - Хэтэрхий  их санаа зовсны хэрэггүй. Ийм насанд байдаг л зүйл. Гэхдээ бусдын сонирхлыг татах гэсэн охины чинь хүсэл хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Зарим охид шилжилтийн насанд хүрч, бие галбир нь өөрч­лөгдөхөөр бусдаас содон хувцаслахыг хүсдэг. Мөн эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлын төвд байхыг чармайж эхэлдэг. Гэхдээ манай охидын дунд ийм нүүрэмгий байх нь цөөхөн л дөө. Монгол охид хэтэрхий ичимхий, бүрэг байдаг нь зарим талаараа бие галбирт нь ч нөлөөлөх нь бий. Тухайлбал зарим охид хөхөө ургахаар түүнээсээ ичиж, мөрөө хавчиж явсаар байгаад бөгтөр болчихдог талтай. Тиймээс эцэг эхчүүд энэ үед нь илэн далангүй ярилцаж, ямар нэгэн болчимгүй алхам, тэнэг үйлдэл хйихээс нь охиноо урьдчилан сэргийлж болно.   

10. Эхнэр бид хоёр хагас жилийн өмнө салсан. 12 настай том охин маань үүнээс болж их шаналдаг. Охин маань хичээлдээ эрс муудаж байгаа нь ажиглагдах боллоо. Түүнд яаж хэлж ойлгуулах вэ?

   - Та юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л сонсох хэрэгтэй. Түүнд энэ салалт ямар хэцүү байгааг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Охиныхоо яаж ганцаардаж байгааг ойлгохыг хичээ. Түүний хувьд аав нь гэрээсээ явсан асуудал хамгийн аймшигтай бөгөөд аавдаа хаягдаж хоцорсон арчаагүй сул дорой нэгэн мэт мэдрэмж түүнд төрдөг. Тиймээс түүний хичээл сургуульд нь анхаарч, хамтдаа гэрийн даалгаврыг нь хийлцэж, сэтгэл санааг нь хуваалцаж най­зууд шиг хандах хэрэгтэй. Ингэс­нээр тэр аавдаа хаягдаагүй гэдгээ мэдрэх болно.

11. 13 настай охин минь бидэнд дандаа худлаа хэлдэг. Түүний энэ зуршлыг болиулахын тулд бид яах ёстой вэ?

   - Худлаа ярьж, хулгай хийх нь шилжилтийн насны эхэн үед гардаг үзэгдэл. Худлаа ярьс­наараа тэд хэвийн хил хязгаараас хальж хэр хол очихоо сорьж үзэх гэдэг. Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ түшиж, зөв зам руу нь залж, тэдэнд үлгэр жишээ болж, хүүхдийнхээ үг яриа, үйл хөдөлгөөнд нь нийтээр заншсан хэв маяг, үнэлэлтийг  суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдөө худлаа ярьдаггүй байхын дээр шударгаар үнэнээ хэлж, хүүхдийнхээ худлаа ярьж байгааг мэдвэл түүнийг нь хэлж хэмжээнээсээ хэтэрч байгааг нь сануулж байх нь чухал.

12. Манай охин дөнгөж 17 настай. Тэр өөрөөсөө хоёр насаар ах найз залуутайгаа унтахыг хүсээд байна. Үүнийг нь яаж болиулах вэ?

   - Охин чинь өөрийнхөө нууцыг танд ярьсан нь нээлттэй бай­гаагийн шинж. Үүн дээр нь  тулгуурлаад энэ сэдвийг хөндөх хэрэгтэй. Охин чинь өөрөө үүнийг хүсэж байгаа эсэхээ сайн мэдэхгүй болохоор таныг турш­лагаасаа хуваалцаасай гэж бодож байна. Охиндоо “Арай л эрт байна, жаахан хүлээх хэрэгтэй” гэдгийг ойлгуул. Харин охин чинь баяр хөөр болж танд баярласнаа илэрхийлнэ гэж горьдсоны хэрэг­гүй. Гэхдээ л тэр найз залуудаа “Би чамтай унтмаар л байна, даанч манай мангар аав, ээж хоёр зөвшөөрөхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэснээрээ та буруутан болж магад, гэхдээ тэр үүнийг тэвчээд өнгөрөх болно.

13. Манай хүү 11 настай. Сурлагадаа тийм ч сайн биш, үг дуу цөөтэй болохоор ангийн­хан нь гадуурхдаг болол­той. Харин сүүлийн үед бус­дын сонирхлыг татах гэж сахилгагүйтэх боллоо. Бид юу хийх ёстой вэ?

   - Хүү чинь бусдын анхаарлыг албан хүчээр татах гэж оролдож байгаа боловч зөв замаа олохгүй, ангидаа алиа салбадай болж ч мэдэх юм. Ямар ч гэсэн та хүүгийнхээ энэ байдлыг нэг их дэмжсэний хэрэггүй. Түүний оронд хүүгийнхээ юуг хамгийн сайн хийж чаддагийг нь мэдэх хэрэгтэй. Ийм хүүхдүүд алиалах авьяастай байдаг бөгөөд жүжиглэх дуртай байдаг. Түүнийг Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд бүртгүүлж болно шүү дээ. Түүнээс гадна найзуудыг нь урьж хүү чинь тэдний дунд биеэ яаж авч явж байгааг сэм ажиглаарай. Магадгүй тэр байнга бусдын анхааралд байх гэж оролдож, тэгснээрээ улам их ганцаарддаг ч юм бил үү?  

14. 14-тэй хүү минь өнгөрсөн хагас жилийн хугацаанд бид­нээс их хөндийрсөн. Тэр юм л бол бодолд автаж, заримдаа дэндүү уйтгартай, цөхөрсөн байдалтай болчих юм. Хүүхэд сэтгэл санааны хямралд орно гэж байдаг уу?

   - Хүүхдүүд, ялангуяа шилжил­тийн насны эрэгтэй хүүхдүүд бидний төсөөлж байгаагаас ч илүү хүнд асуудалтай байдаг. Аргаа барах, итгэл алдрах, цөхөрч байгаа юм шиг мэдрэмж нь хүчтэй болох юм бол синдром өөрөөр хэлбэл сэтгэл санааны хямрал үүсэх тохиолдол бий. Ийм хүүхдүүдэд тусламж хэрэгтэй. Эцэг эхчүүд шилжилтийн насны яг ийм үед төдийлэн тус болж чаддаггүй. Харин нагац ах, өвөө нь ч юмуу, эсвэл таньдаг хүн нь л энэ үед ойртон  тусалж чадна. Хэрвээ дээрдэхгүй арай өөр арга барилаар үзэх хэрэгтэй.

15.  Бид охидтойгоо бүгдтэй нь адилхан харилцах ёстой гэж боддог боловч өдөр тутмын амьдралд өөр өөрөөр харьцах ёстой юм гэдгийг анзаарч байна. Нэг нь үгэнд сайн ордог байхад нөгөөх нь үгүй. Зарим үед бид өөрсдөө хүсээгүй ч хатуу байх шаардлагатай болдог. Ингэх хэрэгтэй юу?

  - Хүүхдүүдтэйгээ яг адилхан харьцаж байгаа хүн зан чанарынх нь хувьд  тэдний ялгааг мэдэрч буурь суурьтай хандахгүй байна гэсэн үг. Хүүхэд болгонтой  хэрхэн тулж харьцах вэ гэдэгт асуудлын гол нь байдаг. Нэг хүүхдийг нөгөөтэй нь хэзээ ч битгий зүйрлэ. Харин өөртэйгээ адилхан бодож зүйрлэ гэж 200-гаад жилийн өмнө сурган хүмүүжүүлэгч Пэсталоци хэлсэн байдаг. Хүүхэд болгонтой тааруулж харьцах хэрэгтэй. Үгэнд хурдан ордог хүүхдээ сайшааж, хэмжээ хязгаарыг мэддэггүй хүүхдэд замыг нь зааж өг. Олон хүүхэдтэй байх тусмаа хүн их зүйл сурдаг. Төлөвлөснөөр тань бүх зүйл бүтэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

16. Охин маань цаг үргэлж найзуудтайгаа утсаар ярьж, мэссэж бичдэг нь биднийг их нэрвтүүлдэг. Түүнд яаж хязгаар тавих вэ?

   - Охин чинь тэр үедээ бүхнийг мартдаг нь таныг улам бүр нэрвтүүлж байна уу? Тэгвэл та хязгаарлах хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийсний дараа найзууд­тайгаа ярь, эсвэл хооллож байх үед бүү ярь гэх мэтээр байнга сануулж байх нь зүйтэй.

17. Манай охины найз залуу 17-той, түүнээс хоёр ах. Охин маань заримдаа шөнө дөл болтол гэртээ орж ирдэггүй. Үглэж загнаад үгэнд орохгүй юм. Яаж харилцах ёстой вэ?

  - Ер нь хүү, охиныхоо найзууд­тайгаа уулзах явдалд аав ээж нь хугацааг нь тааруулж өгч байх ёстой. 15-тай зарим хүүхдүүд өөрийгөө шөнө дөл болтол гадуур явах насанд хүрсэн юм шиг боддог байхад заримд нь цаг хуга­цааны хязгаар бага тогтоох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэд биеэ даах чадваргүй. Хэрвээ охин чинь найз залуутайгаа тэгж л их цуг баймаар байгаа бол гэртээ түүнийг урьж 22 цаг хүртэл байхыг зөвшөөрч болохгүй гэж үү? Гадуур хаана, юу хийж байгаа бол гэж санаа зовсноос л хамаагүй дээр шүү дээ.

18. Манай охин 16-тай, саяхнаас 22-той найз залуутай болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу?

   - Үүнд заасан хууль байх­гүй, та өөрөө ч гэсэн охиноо найз­тайгаа уулзахыг нь дандаа хянаж байхыг хүсэхгүй байгаа биз дээ. 22 настай эрчүүдийн зан байдал, хувийн хүмүүжил янз бүр байдаг. Харин тэр залуу охиноор чинь нэг шөнийн зугаагаа гаргаад орхичихыг үгүйсгэх аргагүй. Залуус гэнэн жаахан охидыг урхи­даж, “Чи хайртай л юм бол надтай унт” гэж ятгадаг тал бий. Хамгийн чухал нь танай охин өөрийнхөө хязгаарыг мэдэж, өөрөө хүсээгүй юмаа хийхгүй байх ёстой. Ингэхийн тулд охин чинь тантай илэн далангүй ярих нь чухал. Хэрэв та найз залууг нь хүлээн зөвшөө­рөхгүй бол охин чинь тантай ямар ч асуудлаа ярихгүй байх болно.

19. Охин минь шилжилтийн насандаа яваа юм. Насных нь онцлог юм болов уу, сүүлийн үед тэр их онгироо, дээрэнгүй, их мэдэгч зантай болчихлоо. Бид яаж түүнд энэ тэнэг байдлыг нь ойлгуулах вэ?

  - Түүний энэ ааш нь шил­жилтийн насны онцлог, сэтгэл санааны тогтвортой биш байд­лаас болж байгаа юм. Тэр таны хайрыг мэдрэхгүй ч байж магад. Та нэг сарын турш үүнийг анзааралгүй байж, охины чинь юу танд таалагддагийг хэлж сайшаа. Шүүмжлэхдээ “Чи их зан гаргаад байна” гэхийн оронд “Чиний надтай харьцаж байгаа хоолойны өнгө надад таалагдахгүй байна”  гэж хэлэх хэрэгтэй.

20. Манай хүү 15 настай. Тэр удаа дараа миний түрийвчнээс мөнгө хулгайлах боллоо. Янз бүрээр шийтгэж ч үзсэн.  Гэрт хорих, шахалт хавчлагыг тэр маш их  эсэргүүцдэг. Бид одоо юу хийхээ мэдэхгүй байна?

   - Ихэнх эцэг эх хүүхдүүд нь хулгай хийхэд их сандардаг. Түүнийгээ тэр болгон ярьдаггүй. 15 настай хүүхдийн тухайд жаахан хүнд асуудал л даа. Хүү чинь одоо шударга ёс гэж юу байдгийг мэддэг болсон байх ёстой. Гэрт хорьж  “яллах”-аа ор тас мартах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд улам цаашилдаг. Хүүхдийн сэтгэл суд­лаачтай ярьж хулгай хийх үйлдлийн цаана ямар нэгэн сэтгэл санааны асуудал байна уу, үгүй юу гэдгийг олж  мэд. Ихэнхдээ тэд эцэг эх нь өөрийг нь хайрлахгүй байна гэж боддог. Эсвэл тэдний дуртай юм бүхэн бэлэн байх ёстой гэж үздэг эрх хүүхдүүд байх нь бий. Та зүгээр л гэр бүлээрээ солонгос хоолны газар очихоор төлөвлөсөн нэг оройн хоолоо болиод “20 мянган төгрөг байсан чинь алга болчихож,  бидэнд одоо мөнгө алга” гээд хэлчих. Ингэхдээ та “Аав ээж хоёр нь мөнгөний төлөө морь мал болтлоо зүтгэж байна, хүүдээ өгч байгаа мөнгө болгон аав ээжийн чинь чамд хайртайгийн илрэл юм шүү” гэдгийг ойлгуулахыг хичээ. Ингээд нэг удаа өрөвдүүлэх гэж үз. Ихэнх эрэгтэй хүүхэд үүнийг их сайн тусгаж авдаг.

null

No comments:

Post a Comment